Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дөрвөн ширэн бээлийтэн хүрэл медалийн болзол хангалаа. Гавьяат тамирчин Д.Отгондалай /60 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар өчигдөр болсон медалийн төлөөх тоглолтод тус тусын учраагаа ялснаар хагас шигшээд шалгарсан байна. Одоо тэд мөнгө, цаашлаад алтан медалийн төлөө тоглох боломжтой юм. Үүнээс гадна тивийн аваргаас медалийн болзол хангаснаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рингэнд өрсөлдөх эрхээ авч байна.
Дөрөвдүгээр сарын 30-нд эхэлсэн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-нд өндөрлөнө.
С.ЦЭЛМЭГ