Египет улсын Кайр хотноо болсон буудлагын олон улсын эмэгтэйчүүдийн тэмцээнээс ОУХМ Ч.Нарантуяа хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр өчигдөр болсон хийн урт бууны дасгалд дахин тэргүүллээ. Манай тамирчин өмнө нь гурван байдлаас 60 сум буудах дасгалд алтан медаль хүртээд байсан юм. Энэхүү тэмцээнд Монголын тамирчнаас гадна Бахрай, Энэтхэг, Египет зэрэг орны тамирчид амжилттай оролцсон байна.
Азийн наадмын аварга Ч.Нарантуяа энэ оны тэмцээнийг амжилт дүүрэн эхлүүллээ. Тус тэмцээнд Ч.Нарантуяагаас гадна ОУХМ Ц.Мөнхзул оролцсон юм.
Дашрамд дуулгахад, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Үндэсний шигшээ баг бүрдээд байгаа. Харин буудлагын холбооноос шигшээ багийн тамирчдыг тодруулж амжаагүй байна.
Ч.БОЛОР