Жил бүрийн 5, 11 дүгээр сард 6-59 сартай бүх хүүхдэд өндөр тунт А аминдэм уулгах аяныг зохион байгуулдаг. Орхон аймгийн хэмжээнд 5 хүртэлх насны 10883 хүүхдийг А амин дэмжүүлэлтэд хамруулах ба шаардлагатай аминдэмийг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваариллаа. Мөн төрөх тасагт төрсөн эх бүрт А аминдэмийг тогтмол уулгаж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдээ харьяа сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлэгт хянуулан аминдэмийг уулгана уу. 6 сартайгаас 11 сартай хүүхэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), 12-59 сартай 200 000 олон улсын нэгж тунтай (улаан өнгөтэй) А аминдэмийг уух ёстойг анхаарна уу.
Тав хүртэлх насны хүүхэд, хөхүүл эх, улаанбурхан, салхинцэцэг, суулгалт, амьсгалын замын өвчин зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн хүүхэд А аминдэмийн дуталд өртдөг тул эмчийн заавраар А аминдэмийг уух шаардлагатай. Мөн хүүхдэд А аминдэмээр баялаг хоол хүнсийг өдөр тутам өгөх, А аминдэмийн дутлаас сэргийлэх хамгийн энгийн арга нь хүүхдийг 6 сар хүртэл дан эхийн сүүгээр хооллож 6 сартайгаас тохирсон нэмэгдэл хоолонд зөв дасган оруулах нь чухал. Хоолонд А аминдэмээр баялаг элэг, бяслаг, сүү, цөцгий, цөцгийн тос, загас, өндөг, лууван, нохойн хошуу, амтат жүрж, халиар, халгай, хөмүүл, өргөст хэмх, амтат чинжүү, урт байцаа, яншуу, гоньд, чацаргана, хулуу, вандуй зэргийг тохируулан хэрэглэх шаардлагатай.
ЭХ СУРВАЛЖ: ERDENET.MN