Дүр тус бүрийн дотоод сэтгэлийг хөгжмөөр илэрхийлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Дүр тус бүрийн дотоод сэтгэлийг хөгжмөөр илэрхийлнэ

Киноны хөгжимд тусгайлан зориулсан “Кино код”-ын цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Нийт хэдэн киноны хөгжмийг бичиж байна? 

-Анх 1989 онд найруулагч Төгөлдөр “Царцаа Намжил” хүүхэлдэйн кино хийснээс эхлэн богино хэмжээний кино болох “Үр могой”, “Үл үзэгдэгч” , бүрэн хэмжээний “Алуурчин бэлтгэх дамжаа”, “Хүн алж тоглосон залуус”, “Янаг дурлалын дууль”, “Нэгэн шөнийн явдал” гэх киноны хөгжмүүдийг бичсэн. 

-Зөвхөн киноны хөгжим гэлтгүй өөр олон уран бүтээл туурвисан байх даа?

-Тайзны бүжгийн хөгжим, найрал, гоцлол, цөөхүүлд зориулсан хөгжмүүд нилээдгүй бий.

-Кинонд зориулсан болон зориулж бичээгүй хөгжмийн хооронд ялгаа бий юу?

-Яахын аргагүй кинонд зориулсан хөгжим бол найруулагч болон зохиол юу шаардана түүнд нь тохируулж хөгжмөө бичнэ. Мөн найруулагчийн сэтгэлгээ рүү өөрөө орж , хүсэлд нь тохируулан бүтээдэг нь бага зэрэг төвөгтэй.

-Тухайлбал, “Царцаа Намжил” киноны Төгөлдөр найруулагч юуг хүсэж байсан бэ?

-Кино нь үлгэрийн сэдэвтэй, Монгол зургаар бүтээгдэж байгаа тул өнгө нь шашины шинжтэй, улаан, шараар хосолсон байсан. Тиймээс ардын шинж агуулсан бишгүүр оруулцуулан хөгжмөө бичсэн.

-Аливаа аялгуунд Монголоороо байх, эх орноо гэсэн омогшил хэрхэн илрэх ёстой вэ?

-Энэ бол хамгийн нэн тэргүүний шаардлага. Монголын хамгийн тод жишээнүүд бол н.Жамсран найруулагчийн “Чингис хаан” киноны “Мөнх тэнгэрийн хүчин дор” , “Мандухай цэцэн хатан” киноны хөгжим “Догшин хутагтын сахиус” гэх зэргийг дурьдаж болно.

-Азийн орнуудын хөгжимд үндэсний шинж хэр хэмжээнд агуулагдсан байдаг вэ?

-Хятадууд үндэсний шинжээ бүх зүйлдээ шингээж өгдөг. Тэр дундаа киноны хөгжимд нь илүү их. Харин Солонгос улсын дэлгэцийн уран бүтээлд Европын аялгуу эгшиглэх нь элбэг. Манай орны хувьд үндэсний онцлог арай дутагдаад байдаг. Н. Жанцанноров гуайн хөгжмийг Хятадын алдарт найруулагч сонсоод “Үүнийг Монгол хүн л бичиж чадна, ийм орон зайтай, тэнгэрлэг хөгжмийг манай ямарч сайн хөгжмийн зохиолч бичихгүй” гэсэн гэдэг.  

-Монгол киноны хөгжмөөс “Энэ яг Монгол аялгууг төлөөлж чадан” гэсэн төсөөлөл буусан хөгжим байна уу?

-Сүүлийн үеийн кинонд гадаад дуу эгшиглэх болсон. “Тэмээчдийн уралдаан” киноны хөгжмийг Ц. Нацагдорж зохиож сүүлд симфони болгосон . Яг л тэмээ явж байгаа мэт таваргалт эгшиглэдэг. 

-Ганган Төгс киноны хөгжмийг зохиох болвол ямар арга барилаар ажиллах вэ?

-Хүн гэдэг алдаан дээрээсээ суралцаж амьдардаг би ч мөн адил. Өөрийнхөө зарим бүтээлийг хараад үүн дээр ингэдэг байж гэх бодол төрдөг. Ганган Төгс киноны тухайд дүр тус бүрийн дотоод сэтгэл үзэл бодол зан араншинг илэрхийлэхүйц хөгжмийг зохиох байх.

-Баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж