Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ сунгаагаар тодруулж, эцсийн дүнг оноолтын системээр гаргалаа.
Тус намын дотоод сонгуульд зургаан нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд санал хураалт өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд явагдсан. Хөдөө орон нутаг болон нийслэлийн дүүргүүдийн санал хураалтын дүн мэдээ 22:30 цагаас урьдчилсан байдлаар гарч эхэлсэн юм. Нэр дэвшигч Р.Амаржаргал эхэндээ бусдаасаа өндөр буюу 23:00 цагийн байдлаар 15 аймаг, зургаан дүүрэгт илүү санал авч, түүний араас Х.Баттулга удаалж байгаа буюу Р.Амаржаргал ялсан мэт мэдээллийг Ардчилсан намынхнаас өгч байсан. Оноолтын системээр тоолох энэхүү арга нь хэвлэлийнхэн болон олон нийтэд ойлголтын зөрүү байдал үүсгэсэн байх талтай.
Ардчилсан нам өнгөрсөн шөнө нийт саналын дүнг оноолтын системээр дүйцүүлэн тооцож дуусахад Х.Баттулга 2740.94 оноотойгоор тэргүүлж, Р.Амаржаргал 2374.85 оноогоор удаалжээ.
Ингээд нэр дэвшигч Х.Баттулга хамгийн өндөр санал авч, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж байна.
Оноолтын системээр Ардчилсан нам гурван удаагийн дотоод сонгуулийг зохион байгуулсан. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч энэхүү оноолтын системээр Ардчилсан намын даргаар сонгогдсон юм.
Оноолтын энэхүү системийг АНУ сонгуульдаа өргөнөөр ашигладаг. Хамгийн сүүлд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болоход Хиллари Клинтон мужуудад ялж явсан ч оноолтын системээр дүнг нэгтгэн гаргахад Доналд Трамп ялсан юм.
Г.ХОРОЛ