Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн 2017 оны улирлын хоёрдугаар тойрог энэ амралтын өдрүүдээр явагдана. Хоёрдугаар тойргийг нээж “Эф Си Улаанбаатар” болон “Хоромхон” клубүүд бямба гаригийн 13:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. Өнгөрсөн жилийн эхний тоглолтод багууд 1:1-ээр тэнцэн оноо хуваасан бол хоёр дахь тоглолтод “Эф Си Улаанбаатар” хүн дутуу ч 3:2-оор хожиж байв. Хүчтэй тэнцүү, сонирхолтой өрсөлдөөн үзүүлдэг багууд шинэхэн бүрэлдэхүүнтэйгээр анх удаа учраа таарч буй нь олны анхаарлыг татаж байна. Тус тоглолтын дараа дээд лигийн түвшинд анх удаа оноолт таарч буй “Гоёо Эф Си”, “Сэлэнгэпресс” клубүүд 16:00 цагт тоглоно. Нэгдүгээр тойрогт “Гоёо Эф СИ” “Хоромхон”-д 3:2 оор хожигдож, “Сэлэнгэпресс”, “Эрчим”-тэй 0:0-ээр тэнцсэн тул хэн хэн нь лигийн анхны хожлоо авахын төлөө тоглоно. Ням гаригийн эхний тоглолт лигийг хожлоор эхлүүлсэн “Атлетик 220” болон өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Хангарьд” багуудын хооронд болно. Багууд анх удаа дээд лигийн тэмцээн тоглож байгаа тул үзүүштэй, сонирхолтой 90 минут өнгөрөх нь дамжиггүй юм. Түүнээс дутахааргүй нэгэн тоглолт ням гаригийн 16:00 цагт “Дэрэн”, “Улаанбаатар сити” багуудын хооронд өрнөнө. Өнгөрсөн жилийн хоёр тоглолтдоо “Дэрэн”-д 1:0, 1:4-өөр хожигдсон “Улаанбаатар сити”-ийн залуус өмнөхөөсөө өөрчлөгдсөн эсэхийг энэ тоглолт харуулна гэхэд хилсдэхгүй. Ямартай ч маш сонирхолтой тоглолт үзэгч, хөгжөөн дэмжигч та бүхнийг хүлээж байна. Хоёрдугаар тойргийн хамгийн сүүлийн тоглолт мягмар гаригийн 17:00 цагт “Эрчим” болон “Унаганууд” клубүүдийн хооронд өрнөнө. Эхний тойргоос оноо авч чадаагүй үндэсний лигийн туршлагатай багууд “ДЦС-4” талбайд улирлын анхны хожлоо авахын төлөө тоглох юм. Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Эрчим” өнгөрсөн жил “Унаганууд”-ыг 0:1, 3:1 гэсэн үр дүнгүүдээр хожсон ч уг үр дүн энэ улиралд давтагдана гэсэн үг биш. Тиймээс талбайн болон футзалын дархан аваргуудын тулаан нэн сонирхолтой болно. Тус тоглолтыг МХБХ-ны албайн ёсны сайт, фейсбүүк хуудсаараа mycujoo.tv-ээр шууд дамжуулан хүргэнэ. Харин бямба, ням гаригийн дөрвөн тоглолтыг та бүхэн уламжлал ёсоор NTV телевизээр шууд хүлээн авч үзээрэй.
Эх сурвалж: МХБХ