Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл гардуулах ёслол маргааш тавдугаар сарын 5-ны 13 цагт Соёлын төв өргөөний Монголын Уран зургийн галерейд болно. Ёслолын үеэр “Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийн болзол хангасан ерөнхий боловсролын 41 сургууль өөрсдийн туршлагаа танилцуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид үзэсгэлэнгээ дэлгэх юм. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр арга хэмжээнд оролцож, үг хэлнэ. Дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийн хүрээнд Монгол улсын Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын 2016-2030 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Эко сургуулийн үйл ажиллагааг дэмжиж байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд, залууст төлөвшүүлэх” хэмээн тусгасан байдаг. Үүнтэй уялдуулан Олон улсын Эко сургууль хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж “Хүрэл гэрэгэ”-ийн болзол хангасан ерөнхий боловсролын сургуулиудыг урамшуулж, тэдний амжилтыг олон нийтэд танилцуулж, харилцан сайн туршлага солилцох боломж олгох зорилготой. Улмаар амжилтаа ахиулж “Мөнгөн гэрэгэ”, болон “Ногоон туг” олон улсын эко шошго өргөмжлөлийн болзол хангаж, амжилтаа бататган хадгалахад нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн сургуулиудтай хамтран ажиллана. “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ нь Олон улсын “Эко сургууль хөтөлбөр”-ийг 2007 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хот, хөдөөгийн 65 сургуульд амжилттай туршин хэрэгжүүлж 2011 оноос Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн албан ёсны эрхтэйгээр хамрах хүрээгээ өргөтгөн хэрэгжүүлж байна. Өдгөө “Эко сургууль хөтөлбөр”-ийн сүлжээнд орон нутаг, нийслэлийн нийт 200 гаруй ерөнхий боловсролын сургууль хамрагджээ. Энэхүү хөтөлбөрт дэлхийн 64 орны нийт 49000 гаруй сургууль нэгдэн орсон. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ зохион байгуулах юм.
Эх сурвалж: БОАЖЯ