Ц.Нямдоржийн тагнуулч эсэхийг шалгуулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийн тагнуулч эсэхийг шалгуулах ёстой гэв

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шүүх засаглал улстөрчдийн хараат байна. Шударга бус энэ байдлыг бий болгосон хүн бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж юм. Одоогоос арван жилийн өмнө буюу 2007 онд анх “Иргэдийн шударга шүүх” байгуулагдахдаа Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар   “Л.Гүндалай гүтгэсэн юм уу, Ц.Нямдорж тагнуул юм уу”  гэсэн  асуулга тавьж байсан. Өнөөдөр гэнэт гаргаж тавьж байгаа асуудал биш. Хэд  хоногийн  өмнө бид УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болон Авлигатай тэмцэх газрын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас заналхийлсэн албан бичгийг хариу болгож ирүүллээ. Энэ бичигт “Ц.Нямдоржийг  тагнуул гэдгийг нотолсон шүүхийн тогтоол, шийдвэр гараагүй байна. Иймд Ц.Нямдоржийг гүтгэсэн болох нь тогтоогдож, хуулийн хариуцлага хүлээсэн. Хэрэв ингэж түүний нэр төрд халдаад байх юм бол цаашид асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэсэн байна. Тэгвэл  Ц.Нямдорж гэдэг хүн өөрийгөө яагаад шалгуулчихаж болохгүй байгаа юм бэ. Та нар бодоод үз дээ, Монгол Улсын Тагнуулын байгууллагын дарга байсан, генерал цолтой хүн Ц.Нямдорж гишүүний талаар баримттай, нотолгоотой яриад байна. Ард түмний дунд эргэлзээ үүсчихээд байна.  Монгол Улсад гадаадын тагнуул  байхгүй юм бол яагаад монголчууд өдрөөс өдөрт ядуураад байгаа юм бэ. Яагаад Монгол Улсын баталсан гэрээ, хэлцлүүд улс орон, ард түмэнд ашиггүй байгаад байгаа юм бэ.

Ц.Нямдорж гэдэг хүн өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь яригдаад дэвшинэ гээд явж байна. Тэр УИХ-ын дарга хийж чадаагүй хүн. УИХ-ын дарга байхдаа хууль зассан гээд огцорч байсан. Өнөөдөр УИХ-ын дэд дарга хийгээд явж байна.

Ц.Нямдорж, Б.Баатар гэдэг хоёр хүний байр суурийг харьцуулсан сэтгүүлчдийн авсан ярилцлагууд цагаан дээр хараар бичсэнээр байна. Энэ дотор маш ноцтой баримтууд байхад яагаад Монголын тагнуулын байгууллага шалгаж ард түмэнд хариуг нь өгөхгүй байгаа юм бэ. Түүний тухай 49 хуудас материалыг анх Л.Гүндалай 2003 онд олон нийтэд дэлгэж байсныг өөрөө дурдсан байдаг юм билээ. Л.Гүндалай яагаад хариуцлага хүлээгээгүй юм бэ. Гүтгэсэн субьект биш гэж үү. Төрийн нууц задалсан хүн шоронд суусан байхад Л.Гүндалай яагаад хариуцлага хүлээгээгүй юм бэ. Төрийн нууц гэж үзэх юм бол Тагнуулын ерөнхий газарт байсан 49 хуудас материал алга болсон нь юу юм бэ. Хэрэв худал гүжирдлэг гэж үзвэл Тагнуулын газрын цуглуулсан материал худал мэдээлэл байсан болж таараад байна. Гүтгэсэн, төрийн нууц гэдэг хоёр үйлдэл яагаад ч нэг байж болохгүй үйлдэл.  Тэр 49 хуудас материал дотор БНХАУ-д согтуу байгаа зургийг нь хүртэл авчихсан баримт байна гэж хэлээд байгаа шүү дээ. Түүнийг тагнуулын байгууллагын хүч, хэрэгслээр олж авсан юм бол худал байх үндэсгүй. Тагнуулын байгууллага мэдээллээ давхар давхар шалгаж байдаг гэж би итгэж байна.

Иймээс МАН Ц.Нямдоржоо шалгуулах ёстой” гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж