Брэд Питт сэтгэл заслын эмчилгээнд явж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.05.04-нд нийтлэгдсэн

Брэд Питт сэтгэл заслын эмчилгээнд явж эхэллээ

Брэд Питтийн хамгийн сүүлд тоглосон “Дайны машин” киноны тавдугаар сарын сүүлээр нээлтээ хийнэ.

Холливудын жүжигчин Брэд Питт эхнэр Анжелина Жолигоос салснаас хойш архи, согтууруулах ундаа хэрэглэхээ больж, сэтгэл зүйн хүнд үеийг даван туулахаар сэтгэл заслын эмчилгээнд явж эхэлсэн гэнэ.

GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр салалтынхаа талаар анх удаа ам нээжээ.

Брэд Питт салалтаа “Өөрчлөлтийн асар том хөдөлгүүр” байсан гэж тодорхойлсон байна.

“Би саяхнаас сэтгэл заслын эмчилгээнд явж эхэлсэн. Надад таалагдаж байгаа. Зөв эмчээ олох хүртэл хоёр ч өөр хүн дээр очсон” гэж Брэд Питт ярьсан байна. Мөн тэрбээр “Үнэнийг хэлэхэд би ширээн дороо архиа тавиад, оросууд шиг ууж чадна. Би үнэхээр мэргэжлийн юм шиг л байсан. Сайн уудаг байсан. Харин одоо бол согтууруулах ундааг цангис жимсний шүүс, хийжүүлсэн усаар орлуулдаг болсон" хэмээжээ.

Анжелина Жоли өнгөрсөн оны есдүгээр сард гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан юм. Тэд 2004 онд анх учирсан боловч 2014 онд хуримлаж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан билээ.

Анжелина Жоли 2016 оны есдүгээр сард Брэд Питтээс гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл гаргасан юм.

Брэд Питт, Анжелина Жоли нарын гэрлэлтийг шүүх албан ёсоор цуцлаагүй байгаа ч Жоли удахгүй дахин хуримлах гэж буй тухай “InTouch Weekly” сэтгүүл саяхан мэдээлсэн юм. Түүний шинэ амраг нь Их Британийн саятан, хүмүүнлэгийн үйлстэн гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж