Нийтийн тээврийн сарын орлого 1.4 тэрбумаар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.05.04-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн сарын орлого 1.4 тэрбумаар нэмэгджээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжсэнээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна.

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгын хүрээнд 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хотын нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгсэл ашигладаг болсон.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатараас нийтийн тээврийн орлого, үйлчилгээний нөхцөл өөрчлөгдсөн эсэх талаар дараах зүйлсийг тодрууллаа.
 

-Нийтийн тээврийн хураамж цахим системд шилжсэнээс хойш орлогод өөрчлөлт орсон уу. Өнгөрсөн онд хэдэн төгрөгийн орлого олсон, энэ жил хэд болж нэмэгдсэн талаар тодруулъя?

-Нийслэлийн нийтийн тээврийн хураамж 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 100 хувь цахим төлбөрийн системд шилжсэн. Нийтийн тээврийн орлого 2017 оны дөрөвдүгээр сарын тухайд 4,9 тэрбум хүрсэн. Харин өмнөх сард нь 3,5 тэрбум төгрөгийн орлого олсон байсан. Төлбөрийн систем 100 хувь цахим болсноор нэг сарын хугацаанд орлого 1,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого 1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 2016 оны дөрөвдүгээр сард 3,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байсан.

-Цахим төлбөрийн системд шилжиж эхэлсний дараа зарим нэг зөрчил, дутагдал гарч байсан. Одоо ямар бэрхшээл байна?

-Өмнө нь нийтийн тээврийн автобусанд цахим карт уншуулахын зэрэгцээ бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулдаг байсан. Тухайн үед уранхай, хуурамч мөнгө хийх, дутуу мөнгө хийх зэрэг зөрчил илэрч байсан. Харин одоо бол харьцангуй жигдэрч байна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй улсын байцаагч нийтийн тээвэрт хяналт шалгалт хийж байгаа. Бид тавдугаар сарын 15-наас хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан болон хөнгөлөлттэй зорчигчдын үнэмлэхийг эрчимтэй шалгана.

-Зарим автобуснууд цагаасаа өмнө бууж байна гэсэн гомдол гардаг. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ?

-Цагтаа буухгүй байна гэдэг гомдол бол замын түгжрэлтэй холбоотой. Тиймээс графикт өөрчлөлт оруулж, динамик график хэрэгжүүлэх чиглэл барьж байгаа. 2017 оноос эхлээд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байгаа. Энэ хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтарсан судалгааны баг байгуулан, ажиллаж байгаа.

-Автобуснууд богино эргэлттэй болсон. Ямар үр дүн гарсан бэ?

-Богино эргэлт 2015 оноос хэрэгжиж байгаа. Үүнээс өмнө бүх автобус хотын төвд рүү ордог байсан. Богино эргэлттэй болсноос хойш 20 хувь нь төв рүү орохоо больж, хотын түгжрэлд эерэгээр нөлөөлж байгаа.

Дашрамд мэдээлэхэд, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл” аяны хүрээнд Автозамын хөгжлийн газар, Нийслэлийн тээврийн газар гэрээт байгууллагуудтай хамтран, өнөөдөр Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж