АНУ-ын арми “Minuteman 3” гэх тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийжээ. Пуужинг Калифорни мужийн агаарын цэргийн баазаас харвасан бөгөөд 6400 км гаруй зайд тусч, Номхон далайд унасан байна.
Өнгөрсөн сарын 26-нд ч гэсэн тус улсын агаарын цэргийн хүчин тус загварын пуужинг туршсан удаатай. Харин энэ удаа дахин пуужингийн системийн онч нарийвчлалыг шалгах зорилгоор хөөргөсөн гэж албаныхан мэдэгдсэн байна.
Тус улсын Агаарын цэргийн хүчин нь “Minuteman 3” пуужингийн үйл ажиллагааг шалган үе үе туршилт хийдэг юм. Энэ он гарснаас хойш тус улс гурав дахь удаагаа пуужин хөөргөн туршсан нь энэ.
Өнгөрсөн сард туршилт хийснийх нь дараа АНУ-ыг Умард Солонгос эрс шүүмжлээд “Вашингтоны энэ үйлдэл нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэн муутгасныг харууллаа” гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: mminfo.mn