УИХ-аар Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирэв.
Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, урьдчилсан тохиролцоонд хүрсэн байсан ч УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалттай холбоотой асуудлаас болж, эл асуудал хойшилсон.
Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, “Холбогдох өөрчлөлтийг оруулах ёстой” гэсэн шийдвэр гаргасны дагуу эл асуудал УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн юм.
Харин энэ үед Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авахыг хүслээ.
Энэ оны төсвийн төслийг тодотгохтой хамт УИХ-аас баталсан 29 дүгээр тогтоолын 11 дэх заалтад “Хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулах”-аар заасан юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авах болсон үндэслэлээ “Сангийн сайдын оруулж ирсэн, Төсвийн байнгын хороонд өгсөн албан тоотыг УИХ-ын, чуулганы дэгийн тухай хуулийг зөрчиж оруулж ирсэн. Дэгийн тухай хуулийн 36.1 бол зохион байгуулалтын шинжтэй асуудал биш. Энэ тогтоолоор заахдаа үүргийг Ж.Эрдэнэбат сайдад өгсөн. Харин Сангийн сайдад өгөөгүй. Сангийн сайд албан бичгээр Монголын эдийн засаг, санхүүгийн асуудалтай энэ чухал 11 дүгээр заалтыг УИХ-д оруулж ирэх эрх байхгүй. Тиймээс өнөөдөр Сангийн сайдыг бид нар хууль зөрчиж, хариуцлагагүй үйлдэл хийлээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, энэ тогтоолын 11 дүгээр заалт бол гадаадын хөрөнгө оруулалттай энэ том төслүүдийг гаргаж байгаа баяжмалын мөнгийг Монголдоо оруулж ирж, валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт байсан. Энэ нь зохион байгуулалтын асуудал биш. Энэ Монголын эдийн засаг, санхүүгийн цаашдын хувь заяатай холбоотой асуудал. Энгийн үгээр хэлэх юм бол бид түүхий эдээ гадныханд үнэ төлбөргүй өгчихөөд, буцаагаад гаднаас зээл ав гэсэн тулгалтыг Монголын Улс зөвшөөрөх гэдэг саналыг оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Энэ бол маш ноцтой асуудал. Хоёр ч заалт зөрчигдөж байна. Гуравдугаарт, хэрвээ энэ заалтыг хасах юм бол Монголын эдийн засаг, импортын хэрэглээ, валютын тогтворгүй байдал бүр хүндрэх болно. Гадагшаа гаргаж байгаа баяжмалынхаа мөнгийг авч чадахгүй улс орон валютын хомсдолд орно. Тиймээс бид зайлшгүй анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас юу тулгаад байна гэхээр “Та нар түүхий эдээ л зар. Бусад нь болохгүй ээ” гэсэн гадны хараат байдал руу бид шууд яваад орох гэж байгаа юм. Тиймээс Сангийн сайдыг дэндүү хайнга юм хийлээ гэж харж байна. Энэ зохион байгуулалттай асуудал биш. ОУВС-гийн гурван жилд хэрэгжих хөтөлбөрийн зээл авах асуудал биш. Харин цаашдаа Монгол Улсад түүхий эдээ гадагшаа үнэ төлбөргүй өгөөд, дандаа зээлээр амьдрах уу гэдгийг хариулт юм. Тиймээс их хурлын гишүүд үүнийг зөв ойлгоорой. Энэ асуудалтай холбогдуулаад энэ заалтыг эргэж хараад, хуулийн дагуу болгох ёстой гэдэг үндэслэлээр энэ асуудлаар тав хоногийн завсарлага авна” гэлээ.
Харин Чуулганы хуралдааны даргалагч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж уг асуудлаар 30 минутын завсарлага өгөв. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна.
Г.ДАРЬ