Айн Рэнд дэлхий дахиныг залуурдаж байна: Цахиурын хөндий, Доналд Трампыг тэр хэрхэн байлдан дагуулав

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Айн Рэнд дэлхий дахиныг залуурдаж байна: Цахиурын хөндий, Доналд Трампыг тэр хэрхэн байлдан дагуулав

Айн Рэнд таалал төгсөөд олон жил өнгөрсөн ч Сан-Францискогоос эхлээд Вашингтон хүртэлх АНУ-ын хүчирхэг брокеруудын луужин болсон хэвээр

Ерөнхий боловсролын шалгалтандаа бүдэрсэн Их Британийн сурагчид “Есдүгээр сард ирж эртний улстөрийн онолын тоос дарсан архивт багтддаггүй, эдүгээ бидний үед тренд болж буй сэтгэгчийн бүтээлийг судлаарай” гэсэн үгст дотор нь уужраад намар болоход улстөрийн А-зэрэглэлийн сургалтад суухаар төлөвлөж байлаа. Сургалтын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн нь: Айн Рэндийн бүтээл байв.

Энэ тун цагаа олсон хэрэг болов. Амьд ахуйдаа шүтэгдэж, шоовдорлогдож ч явсаар 1982 онд таалал төгссөн түүний ахин тодрох мөч ийн иржээ. Чөлөөт зах зээлийн фундаментализм гэх хамгийн эрс хийгээд тууштай чиглэлийн гол төлөөлөгч – өөрийнх нь нэрлэснээр “аминч үзлийн сайн талууд”-ыг номлосон философийг түгээгч Рэндийг дагагчид нь ихэвчлэн улстөрийн консерватив үзэлтнүүд байжээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдах намын дарга, Рэндийн фэн гэгддэг Пол Райн албанд нь орж буй шинэ гишүүн бүрд Рэндийн үлэмж зузаан Атлантын нуруу тэнийв бүтээлийг (Фредрих Хайекийн Боолчлолд хүрэх зам-ын хамт) уншуулахаар өгдгийг бүгд андахгүй. АНУ-ын Сенатын танхимын гишүүн Рэнд Полын нэрийг эцэг Рон нь Айн Рэндийг шүтэн биширдэг байснаас өгсөн гэх яриа байдаг ч сүүлдээ худал цуу болж хувирсан, харин Пол өөрийгөө жирийн нэг фэн нь гэдэг.

Бид бас юу дутахав гэсэн шиг Британийн жижиг штатууд ч гэсэн Айн Рэндийн шүтээнийг “тахих” өөрийн аргыг олжээ. Тус нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Саяид Жавид жилд хоёр удаа Эх сурвалж-ийн шүүх танхимд болдог үзэгдлийн хэсгээс уншдаг агаад энэ нь түүний нас зуршил болсон ажээ. Тэрээр оюутан байхдаа эдүгээ эхнэр нь болсон бүсгүйд энэ хэсгийг чангаар уншиж өгч байж, гэхдээ энэ нь нэг удаагийн л хэрэг байсан аж. Жавид саяхан үзэгчиддээ эхнэр нь түүнийг ахиж уншиж өгөх юм бол, хаяад явчихна шүү гэж байсныг дурсан ярьжээ. Түүнээс гадна Brexit-ийн гол тархи гэж үнэлэгддэг Европын парламент дахь Тори намын гишүүн Даниэл Ханнан Брюссель дэх ажлын ширээн дээрээ Айн Рэндийн зургийг тавьсан байдаг аж.

Тори намынхны чин сэтгэл Их Британи, АНУ-ын аль алинд нь түүнийг ийн “шүтдэг” нь огтоос шинэ зүйл биш ажээ. Гэвч Рэндийн түс тас хийсэн, эрс хатуу – төр, хувийн хэвшлийн аль алиных нь албан тасалгаан дахь лазагнасан, хуучинсаг байдлыг хайр найргүй шүүмжилсэн – индивидуализм одоо Цагаан ордонд ч гэсэн дагагчтай болжээ. Бас болоогүй ээ, ямар ч улстөрчөөс илүүтэй бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж буй хэсэг бүлэг шүтэн бишрэгчид ч гарч ирсэн байна. Тэд бол технологийн аваргууд юм.

Тэгэхээр А-зэрэглэлийн хөтөлбөрт шинээр орж ирсэн, нэгэн намтар бичигчийн өгүүлснээр зах зээлийн охин тэнгэр гэгдсэн тэр бүсгүй хэн байв? 1905 онд Оросын Санкт-Петерсбургт төрсөн Алиса Зиновьевна Розенбаум эцгийгээ гар хоосон болж, гэр бүл нь Зөвлөлтийн хувьсгалын уршгаар өлсөж үхэр аюулаас дайжин зугтахыг нүдээр үзсэн хүний хувьд алив хамтач үзэл, ялангуяа төр тэр бүх тэгш байдлыг бий болгох механизм болох нь ямар хор хөнөөлтэйг амьдралаараа мэдэрсэн байв.

Киноны хорхойтон тэрээр 1926 онд АНУ руу дүрвэж, тэр даруйдаа Холливүдэд ирж суурьшсан байна. Тэрээр RKO Pictures-ийн хувцасны хэлтэст түр ажилтнаас эхлээд Сэсил Б.Дө-Миллийн Хаадын хаан бүтээлд дүр бүтээх зэрэг есөн шидийн ажил хийж явжээ. Гэвч бичих түүний дурладаг ажил байв. Брөүдвэйн тоглолт, киноны зохиол бичиж явсаар их тэсрэлт хийсэн нь түүний Эх сурвалж  роман байлаа.

1943 онд хэвлэгдсэн энэ бүтээлд өөрийн зөн совинг дагахаар шийдэж, гаргасан загвараа төгс төгөлдөр болгохоор зүтгэхийн оронд дэлбэлэхийг харах дуртай Ховард Роарк гэх архитекторын тухай өгүүлдэг. Төрийн гар хөл болсон “салбадай” нар, хамтач нийгмийн сайн сайхны тулд үйлчлэх бюрократууд эсхүл бусдын бодлоор явж, ажлаас ашиг хонжоо хайсан хувийн хэвшлийн паразитууд буюу “бусдыг аялдан дагагчид” (Айн Рэнд тэднийг second-hander гэж нэрлэж байв – Орч.) гээд хэр тааруухан хүмүүс түүнийг хүрээлнэ.

Улмаар 1957 онд Атлантын нуруу тэнийв бүтээл төрсөн агаад Penguin хэвлэлийн газрын Сонгодог бүтээлийн ангилалд багтсан уг ном 1,184 хуудастай аж. Энд Роарк зайгаа бас  нэгэн капиталист суутан Жон Галтад тавьж өгөх ба тэрээр “авьяастнууд”-ын бослогыг тэргүүлж, улмаар “дэлхийн хөдөлгөгч хүч” болсон нийгмийг бүтээж буй тухай гардаг.

Эдгээр бүтээл, мөн түүний хожим туурвисан эссэ болон лекцүүдэд Рэнд удахгүй Хоббэс, Бурке нарын бүтээлтэй хамт А-зэрэглэлийн хөтөлбөрт багтах өөрийн философийг – нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй тайлбарласан байна. “Хүн өөрийн сайн сайхны төлөө амьдарч байгаа, өөрийн аз жаргалыг олох нь түүний хамгийн дээд ёс суртахууны зорилго бөгөөд бусдын төлөө өөрийг золиослох, бас бусдыг өөрийн төлөө золиослох ёсгүй” гэх санаагаа тэр “обьективизм” хэмээн томьёолсон байдаг. Тэр олон зүйлийг энэ үүднээс харж бичсэн аж – шашингүй үзэлтэн тэрээр нүдээр үзэж хараагүй мэдлэгийг үгүйсгэж байв. Мэдээж хэрэг “зөн” эсхүл “совин”… ер нь бол “ийм зүйл болохыг мэдэж байна” гэх ямар ч хандлагыг огт авч хэлцдэггүй байжээ.

Эх сурвалж бол удаа дараа хэвлэлийн газруудаас татгалзсан хариу сонсож, эцэст нь хэвлэгдээд сайн, муу аль аль шүүмжийг сонссон ч эдүгээ “хит” болсон бүтээл юм. Ирэх жилүүдэд магад Айн Рэндийг тахин шүтэх явдал (түүний ойрын хүрээлэл дотор бараг л шүтлэгтэй адил зүйл байсан, хачирхалтай нь тэднийг Коллектив гэж нэрлэж байв) нэмэгдэх биз ээ. Түүний бүтээл – ёс суртахууны хэм хэмжээг хангалттай авч үзсэн идеологиор дутагдаж байгаа идэр залуус гэсэн тодорхой бүлгийн уншигчдад гүнзгий нөлөө үзүүлдэг. Энэ талаар 2009 онд New Yorker-т “Ихэнх уншигчид коллежид явах, хорвоог орхих хоёрын завсарт – Атлантын нуруу тэнийв бүтээлд гардаг цэвэр алтаар хийсэн долларын тэмдэг бүхий ахин-төрсөн капиталистуудын нууцлаг диваажин гэгддэг Галтын хавцал руу эхний бөгөөд эцсийн аяллаа хийдэг” хэмээн бичиж байв.

Гэхдээ заримынх нь хувьд обьективизм үлддэг ажээ. Түүний магад хамгийн анхны томоохон “шүтэн бишрэгч” хожим АНУ-ын Холбооны нөөцийн банкны даргын албыг 19 жил хашсан Алан Грийнспан байв. 1950-иад онд Грийнспан Коллективчуудын нэг байсан агаад 1982 онд түүний оршуулах ёслолд эмгэнэсэн хүмүүсийн дунд мөн байж л байв. Тэр ёслол дээр байсан 6 фут өндөртэй долларын тэмдэг Рэндизмийн лого байсан гэдэг нь одоо л ойлгогдож байх шиг.

Айн Рэндийг шүтэж эхэлсэн эхэн үеэс түүний хоёр дахь давалгаа: Англо-Америкийн капитализмын давамгайлах үзэлд автсан барууны үзэлт эдийн засагчдын дундаас “зөнд нь орхи” чөлөөт зах зээлийн философийг хүчтэй дэлгэрүүлж байсан Тетчер-Рейганы үеийн хооронд холбоос болж байсан хүн нь Грийнспан юм. 1987 онд Роналд Рейган түүнийг АНУ-ын төв банкны ерөнхийлөгчөөр сонгох үед Грийнспан алив хязгаарлалт тавиагүй байхад зах зээлийн хүч л нийгмийн баялгийг зохицуулах, түгээх хамгийн сайн механизм гэж итгэж байсан аж. 2008-9 оны хямралын дараа дахин бодож үзэхэд хүрсэн түүний энэ итгэл үнэмшил эдийн засгийн тоглогчид рационал байж, зөвхөн өөрсдийн хувийн ашиг сонирхолд хөтлөгддөг гэх таамагт суурилсан байв. Алтруизм эсхүл бусад хэлбэрийн материаллаг бус сэдлээс илүүтэй хувийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд авч үзэх нь мэдээж хэрэг Рэндийн үзлийн тулгын чулуу байсан.

Үүгээр зогсохгүй 80-аад онд Бүгд Найрамдахчууд болон Британийн консервативууд бие биедээ Атлантын нуруу тэнийв номыг дамжуулж байсан шалтгаан нь Рэнд цаг үеийнхээ нөлөө бүхий сэхээтэнд тооцогдож байснаас тэр. Рэнд “рационал хувийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих ёс суртахуун” хийгээд “аминч үзлийн сайн талууд”-ыг номлож байсан нь яг л Оливэр Стөүний Волл Стрийт-д гардаг “шунал бол сайн зүйл” гэх  тухайн үеийн гол уриаг зах зээлд нэвтрүүлсэн өөр нэг хувилбар мэт сонсогдож байсан нь нууц биш. Рэнд угтаа Гордон Гекко байсан юм.

Рэндийн гуравдахь үе санхүүгийн хямралтай хамт эхэлж, Барак Обамагийн засаглалын үед үргэлжилсэн. Обама төрийн эрх мэдлийг тэлэхээр улайрч байна гэх айдсаас үүдэн Цайны нам тэргүүтэй бүлгүүд хязгаарлагдмал төрийг ахиад сурталчилж эхлэв. Рэндийн намтрыг туурвисан Жэннифэр Барнс Quartz-д өгсөн ярилцлагадаа дурдсанчлан: “Либерал үзэл давамгайлж байгаа үед хүмүүс эргээд түүнийг сонирхож эхэлнэ, учир нь тэд Атлантын нуруу тэнийв номыг төр хэт их эрх мэдэлтэй болбол юу болохыг өгүүлсэн “зөгнөл” гэж харж байна гэсэн үг”.

Энэ үүднээсээ Рэндийг шүтэн бишрэгч Техасын конгрессийн гишүүн, Сенатч Рэнд Полын эцэг бөгөөд хэт-либератари үзэлт Рон Полыг 2012 оны ерөнхийлөгчийн сунгаанд Бүгд Найрамдах намаас сойсон шалтгаан тэгэхээр жамаараа болсон мэт санагдах байх. Холбооны засгийн газрын бүтцийг цомхон болгох гэсэн түүний радикал хөдөлгөөн 2016 онд өрнөсөн үйл явдлын гол цөм болж байв. Айн Рэндийн адилаар тэр төрийн үүрэг нь арми, цагдаа, шүүх системээр хязгаарлагдах, түүнээс илүү үүрэг хүлээх ёсгүй гэж мэтгэж байв.

Гэхдээ Айн Рэнд АНУ-ын Бүгд найрамдахчуудад философийг нь хүлээн зөвшөөрөхгүй аваас асуудалд унах нөхцөл байдлыг бий болгожээ. Тэр обьектив бус шашны мистицизмийг жигшиж байгаагаа нуудаггүй жинхэнэ шашингүй үзэлтэн байсан. Гэтэл Бүгд Найрамдах нам дотор либератариуд гагцхүү социал консервативууд, ялангуяа эвангалист Христ шүтлэгтнүүдийг араасаа дагуулж байж л дэмжлэг хүлээж чадна. Энэ эгзэгтэй байдал 2012 онд Митт Ромнитой хамт өрсөлдөх Пол Райныг ч тойрсонгүй. Райн Рэндийн нөлөөг тэр даруй үгүйсгэж, Сэнт Томас Аквина түүний үзэлд нөлөөлсөн гэж байв.

Рэндийн дөрөв дэх үе эхлээд байгаа одоогийн нөхцөл байдлын тухайд юу гэх вэ? Рэндээр амьсгалсан улстөрчид одоо ч байсаар: Райныг эдүгээ обьективистүүд пиг дүүрсэн кабинет түүнийг уухайлан дэмжиж байна. Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллэрсон Атлантын нуруу тэнийв-ийг түүний хамгийн дуртай ном гэж байгаа бол Доналд Трампын хөдөлмөрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргад анх товлож байсан (хожим больсон) Энди Пүздэр бол Эх сурвалж-ийн баатрын нэрээр нэрлэсэн хөрөнгө оруулалтын сан болох Роарк Капитал Группын эзэмшдэг сүлжээ рестораны Гүйцэтгэх захирал байв. Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын захирал Майк Помпео Атлантын нуруу тэнийв-ийг “хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн ном” гэж байсан нэгэн.

Мэдээж хэрэг эдгээр хүмүүс ийм үзэлтэй байгаа нь тэднийг даргатай адил гэсэн үг биш юм. Трамп ном уншдаггүй гэдгээрээ алдартай: түүнийг гурван уран зохиолын номны нэр дурдаж байхыг л мэдэх юм байна. Гэхдээ тэдгээрийн нэг нь Эх сурвалж байсан гэдэг нь маргаангүй. “Энэ бол бизнес, гоо үзэсгэлэн, амьдрал, дотоод сэтгэл хөдлөлийг харуулсан ном. Энэ бол … бүх зүйлийн тухай ном” хэмээн тэр өнгөрсөн жил ярьж байсан юм.

Айн Рэнд судлаачид Трампын энэ сонирхлыг тун маргаантай гэж үзэж байгаа юм. Трамп 2016 онд сонгуулийн тойрогтоо санал болгосон зүйл чөлөөт зах зээлийг утгаар нь “зөнд нь орхих” амлалт гэж үзэх нь өрөөсгөл. Угтаа энэ бол АНУ-ын төрийг худалдааны хэлцлийг хэлэлцэх, ажлын байрыг эргүүлэх авчрах зах зээлд идэвхтэй оролцогч болгох амлалт байв. Олон нийтийн өмнө том компаниудад “шахалт” үзүүлж, Ford эсхүл агааржуулагч үйлдвэрлэгч Carrier-ийг үйлдвэрүүдээ АНУ-д байлгахыг шаардсан зэрэг нь Айн Рэндийн айдсыг төрүүлж асан капитализмын жам ёсны хэмнэлд том төрөөс хийж буй халдлага гэдэг нь маргаангүй.

Улстөр, консерватизмын аль аль нь биднийг Рэндизмийн шинэ давалгаа руу хөтөлж байна. Тэд бол дэлхийг өөрчлөх, чингэхдээ үр дагаврыг нь үл тоох өөрсдийн ухаанд гүн итгэсэн Цахиурын хөндийн хаад, старт-апуудын мэргэжилтнүүд, бас залуу Роарк болон Галтын дүрүүд.

Vanity Fair дижитал эриний эдгээр аваргуудаас судалгаа авахад, олонх нь нэг ижил чиглүүлэгч од байгаа гэсэд гайхах зүйлгүй. Тус сэтгүүлд бичсэнээр Айн Рэнд магад “салбартаа хамгийн нөлөө бүхий хүн” байх гэжээ. Uber-ийн Гүйцэтгэх захирал Травис Каланик 2015 онд Twitter-тээ аватар сонгох болоход Эх сурвалж-ийн хавтасныг зургийг тавьсан байв. Facebook-ийн анхны томоохон хөрөнгө оруулагч бөгөөд Цахиурын хөндий, Trumpworld-ийн аль алинд нь оффистой цөөн хүний нэг Питэр Тайл бас л Рэндист. Бас болоогүй ээ Стив Жобс Apple-ийг хамтран үүсгэн байгуулагч Стив Возниакт Атлантын нуруу тэнийв бол түүний “амьдралынхаа хөтөч” болгосон номуудын нэг гэж хэлж байжээ.

Дэлхий дахины хэргийг хамаарагч эдгээр шинэ тоглогчдын дунд Рэндийн нөлөө улстөрийн либертари үзэлд тусгалаа олохоос илүүтэй юу болохыг үл огоорон хувийнхаа хүсэл сонирхлыг дагах өрөөсгөл шийдвэрт биеллээ олжээ. Тэгэхээр технологийн компаниуд таксины бизнес эсхүл уламжлалт сонин хэвлэлийг устгаж байгаагаа юман чинээ бодохгүй байгаад гайхах зүйлгүй юм биш үү. Энэ зовнил удирдлагын сэнтийд суугаа залуу, хүчирхэг эрсийг түвдээхгүй л болов уу, тэр бүү хэл үүнийг сонсох нь хүртэл цэвэр өөрийн ухаанаар ганцаар байх гэсэн хүсэл зоригоосоо урвасан хэрэг мэт санагдаж мэднэ. Учир гэвэл энэ нь бусдын төлөө хэзээ ч бүү өөрийгөө золиосол гэх Рэндийн алтан дүрмийг зөрчсөн хэрэг болж мэднэ.

Идэр залуу 35-хан насандаа тэнгэрт хальсан Айн Рэнд эргэн амилаад Вашингтон, Сан-Франциско дахь манай үеийн удирдагч нарыг замчилж байна. Тэрээр алтриузмыг буруушааж, индивидуализмыг тэнгэрт өргөн гол итгэл бишрэл болгосон, жинхэнэ аминч үзэлд хөтлөгдөхийг уриалсан идеологийг ухуулагч юм. Одоо тэгэхээр түүний эрин ирж байгаад гайхшрах зүйл огт байхгүй. Шуналдаа хөтлөгдөж, хяналтгүй төрийг хүссэн, үүндээ огтхон ч эмзэглэхгүй хүн хэзээд байсаар байх тул түүний идеологийг дагагчид мундахгүй. Энэ идеологи хэзээд байсаар байна.

Нийтэлсэн: Guardian сэтгүүлийн Жонатан Фрийдланд
Нийтлэгдсэн огноо: 2017.04.11

Жонатан Фрийдланд Guardian-ийн долоо хоног тутмын буланг хөтөлдөг. Тэрээр мөн New York Times, New York Review of Books-д тогтмол нийтлэл бичихээс гадна BBC радиогийн 4-р сувгийн Орчин үеийн түүхийн цуврал The Long View нэвтрүүлгийг хөтөлдөг. 2002 онд What the Papers Say шагналаас оны шилдэг нийтлэлч, 2008 онд Дэвид Ваттын нэрэмжит сэтгүүлзүйн шагналыг тус тус хүртэж байв. Жонатан Фрийдланд долоон ном туурвисны дотор Сэм Борн нэрээр хэвлүүлсэн таван шилдэг борлуулалттай ном багтана.  

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж