АН, МАН нэр дэвшигчдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2017.05.04-нд нийтлэгдсэн

АН, МАН нэр дэвшигчдээ тодрууллаа

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль Монголын улс төрийг донсолгож байна. Парламентад суудалтай хоёр том намууд шинийн 8-ны билэгт сайн өдөр нэр дэвшигчээ тодруулсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга өрсөлдөх эрхээ авлаа. МАН нэр дэвшигчээ Бага хурлаасаа тодруулсан бол Ардчилсан нам дотоод сунгаа явуулсан.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хуульд заасанчлан парламентад суудалтай гурван нам буюу АН, МАН, МАХН оролцох эрхтэй. Тиймээс  МАХН тавдугаар сарын 5-нд Бага чуулганаа хийх ба аль нэг намыг дэмжиж оролцох уу, нэр дэвшигч сонгож, АН, МАН-тай өрсөлдөх үү гэдгээ шийдэх юм.


М.ЭНХБОЛД 85 ХУВИЙН САНАЛААР ДАВУУ ЯЛАВ

МАН-ын Бага хурал өчигдөр /2017.05.03/ болсон. Эрх баригчид энэ удаад Бага хуралд хоёр нэр дэвшигчийг оруулж ирсэн. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, М.Энхболд гэсэн нэр орж ирсэн боловч У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нэрээ татсанаар М.Энхболд, Ц.Нямдорж хоёр өрсөлдсөн юм. Мэдээж намын дарга М.Энхболд олонхийн санал авсан. Харин Ц.Нямдоржийн хувьд “Сонгуулийн дүн ямар байхыг би тооцоолж байсан” гэсэн үг хэлээд, М.Энхболдод амжилт хүссэн. Ц.Нямдоржийн энэ үйлдлийг өөрийн нэр хүндээ өсгөх гэсэн улс төрийн тоглоом гэх нэг хэсэг байхад намын даргыгаа илүүрхэж гаргах ирэх тактик байсан ч гэлцэх. М.Энхболд Бага хурлын гишүүдийн 85 орчим хувийн санал авсан бол Ц.Нямдорж 20 орчим хувийн санал авсан юм.


Х.БАТТУЛГА ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВЛАА

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ сунгаагаар тодруулж, эцсийн дүнг оноолтын системээр гаргалаа. 

Тус намын  дотоод сонгуульд зургаан нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд санал хураалт өчигдөр /2017.05.03/ 10:00-20:00 цагийн хооронд явагдсан. Хөдөө орон нутаг болон нийслэлийн дүүргүүдийн санал хураалтын дүн мэдээ 22:30 цагаас урьдчилсан байдлаар гарч эхэлсэн юм.  Нэр дэвшигч  Р.Амаржаргал эхэндээ бусдаасаа өндөр буюу 23:00 цагийн байдлаар 15 аймаг, зургаан дүүрэгт илүү санал авч, түүний араас Х.Баттулга удаалж байгаа буюу Р.Амаржаргал ялсан мэт мэдээллийг Ардчилсан намынхнаас өгч байсан. Оноолтын системээр тоолох энэхүү арга нь хэвлэлийнхэн болон олон нийтэд ойлголтын зөрүү байдал үүсгэсэн байх талтай. Намын зарим эх сурвалжуудаас тодруулсан мэдээлэл зөрүүтэй байв. 

Ардчилсан нам өнгөрсөн шөнө нийт саналын дүнг оноолтын системээр дүйцүүлэн тооцож дуусахад Х.Баттулга 2740.94 оноотойгоор тэргүүлж, Р.Амаржаргал 2374.85 оноогоор удаалжээ. 

Ингээд нэр дэвшигч Х.Баттулга хамгийн өндөр санал авч, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж байна.

Оноолтын системээр Ардчилсан нам гурван удаагийн дотоод сонгуулийг зохион байгуулсан. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч энэхүү оноолтын системээр Ардчилсан намын даргаар сонгогдсон юм. Оноолтын энэхүү системийг АНУ сонгуульдаа өргөнөөр ашигладаг. Хамгийн сүүлд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болоход Хиллари Клинтон мужуудад ялж явсан ч оноолтын системээр дүнг нэгтгэн гаргахад Доналд Трамп ялсан юм.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нарын гишүүд өрсөлдсөн юм.


МАХН – ?

МАХН-ын хувьд энэ удаагийн сонгуульд өрсөлдөгч байх уу, дагагч байх уу гэдгээ маргааш шийднэ.

Гэвч МАХН энэ удаагийн сонгуульд аль нэг намыг дэмжиж оролцох нь хамгийн зөв гарц гэж хэлэх хүмүүс байна. Энэ яриа МАХН дотроос хамгийн хүчтэй гарч буй. МАХН-ын “ганц дайчин” О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ МАХН-ын гишүүдийн байр суурь гэхээс илүү намын дарга Н.Энхбаярын үзэмжээр бүх асуудал шийдэгдэнэ. Н.Энхбаярын хувьд МАН, АН-ын дарга нартай аль алинтай уулзаж, тохиролцоо хийх талаар хэлэлцсэн гэх бор шувуу нисэх болсон. Үүгээр бол Н.Энхбаярт аль санал нь таалагдана, түүгээр МАХН-ын хувь заяа шийдэгдэх төлөвтэй байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж