Онц хүнд гэмт хэргээр ял эдэлсэн бол төрд ажиллуулахгүй

Хуучирсан мэдээ: 2017.05.04-нд нийтлэгдсэн

Онц хүнд гэмт хэргээр ял эдэлсэн бол төрд ажиллуулахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцээд гишүүдийн 78.7 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үзэл баримтлалыг нь тодруулахын зэрэгцээ Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн жил хэчнээн гомдол ирсэн, хэдийг нь шийдвэрлэсэн талаар хариулт авлаа.

Төрийн албаны зөвлөлийн даргын тайлбараар бол өнгөрсөн жил иргэдээс 630 гомдол иржээ. Үүнийг дотор нь задалбал, бүтцийн өөрчлөлтөөр хууль бусаар ажлаасаа халагдлаа гэсэн 187, ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн 144, удирдах албаны сонгон шалгаруулалт буруу болсон гэж 72, мэргэжлийн шалгалт намайг хохироосон гэсэн 62 гомдол тус бүр ирсэн байна. Харин шүүхэд асуудлаа тавиад шийдвэр нь тухайн иргэний талд гарсан ч ажилдаа эргэн орж чадаагүй зургаан иргэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Төрийн албанд ажил хийхийн тулд Авлигатай тэмцэх газраас зөвшөөрөл авдаг, хэрэгтэй байдаг уу. Хүндрэл учруулдаг тухай гомдол их гардаг. Ганц бичиг авахын тулд бүтэн сар хүлээдэг. Цаашдаа энэ зөвшөөрлийг авч байх ёстой юм уу.

Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн 23.7-д Авлигатай тэмцэх газар юу гаргаж өгөх вэ гэдгийг тодорхойлж өгсөн. Ажлын байрны зөрчилтэй холбоотой тодорхойлолтоос эхлээд олон зүйлээр тодорхойлолт гаргаж өгдөг. Энэ хууль батлагдсан нөхцөлд Авлигатай тэмцэх газраас зөвхөн ашиг сонирхолын зөрчил үүсгэж болзошгүй асуудлаар тайлбар авдаг байхаар хуульчилж өгөхөөр оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Авлига, албан тушаалын хэргээр ял авсан бол төрийн албанд ажиллуулахгүй гэж байна. Хулгай хийж, нүдэн дээр баяжсан төрөөс төрсөн тэрбумтнууд яах вэ.  Төрийн албаны зөвлөлийг хүчирхэг болгож байгаа юм юу вэ?.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Төрийн албан хаагчид тавих шаардлагад авлига, албан тушаалын хэрэгт холбогдож ял шийтгэл хүлээсэн бол төрийн албанд орохгүй байхаар зохицуулалт тусгасан. Бусад тохиолдолд буюу Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол төрийн албанд орохыг хориглож байгаа. Ялгүй болж тооцогдсон ч төрийн албанд орох эрхгүй. УИХ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлахдаа ийм заалт оруулсан. Энэ л зарчмыг төсөлд тусгаж өгсөн.

Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээн дотор энэ хуулиар маргааныг хянан шалгах,  үндэсгүй шийдвэрийг хүчингүй болгоно. Тодруулж хэлбэл, төрийн албаны сонгон шалгаруулалт хуулийн дагуу явж уу гэдэгт хяналт тавина, чадаагүй бол хүчингүй болгоно. Томилгоо нь хууль бус бол хүчингүй болгоно. Төрийн байгууллага буруутай нь тогтоогдсон бол Захиргааны хэргээр давж заалдахыг хориглосон. Харин иргэн цааш явах боломжтой.

Төрийн албаа тогтвортой болгох чин эрмэлзэл бий. Төрийнхөө албыг цаашдаа хараат бус, мэргэшсэн болгох, чадвартай болгоход чиглэсэн өөрчлөлт энэ заалтаар орж ирж байна гэж ойлгох хэрэгтэй.

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх үед УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Төрийн албан хаагчдаас авдаг шалгалтад анхаарах шаардлага байна. Цэцэрлэгийн багш нараас эсээ бичих шалгалт авдаг. Эсээ бичих шалгалтад  унасан гээд ажилд авдаггүй.  Сургуулийн өмнөх боловсролыг сайн өгдөг, хүүхдээ сайн асардаг байхад л болно. Энэ чиглэлд анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Гантулга: Суманд очиж ажиллах төрийн албан хаагчдад тавьдаг шаардлагыг тусгай оруулж ирэх. Сайн албан тушаалтан цөөн байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төрийн албан хаагчийг дарамтлах, айлган сүрдүүлэх юм гардаг. Энэ бүхнийг зохицуулж өгөх. Ажил хийсний төлөө бусдын өмнөөс хэлмэгдэх юм гардаг. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг төрийн албанд оруулмааргүй байна. Танхай байна уу, дээрэм байна уу хамаагүй.

УИХ-ын гишүүн С.Батболд: Үе, үеийн Засгийн газар, монгол төр, төрийн албыг зарчимтай, чадвартай, байгаасай гэж бүх талаас нь ярьж ирсэн.

Бусдын сайн жишиг тогтолцооноос авахыг нь авч явах ёстой. Канадын төрийн албаны тогтолцооны зарчим, тогтвортой ажилладаг байдал, нээлттэй байдлын талаар ярьсан ч залгамж чанар талаасаа харагдахгүй байгаа.

Алдаа оноог нь авах гээхийн ухаанаар хандаад хийж байснаа үргэлжлүүлэхэд анхаарах.

Төрийн албаны нэр хүндийг сэвтүүлж байдаг юм авлига хээл хахуультай холбоотой асуудал. Энэ бүхэнд анхаарах ёстой гэсэн юм.

Чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж