5 сая дагагчтай фэйшн блоггер

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

5 сая дагагчтай фэйшн блоггер

Түүнийг Эйми Сон гэдэг. 30 настай. Интерьер дизайнер бөгөөд фэйшн блоггер.

Song of Style нэртэй түүний блог таны радарт багтдаггүй байж магадгүй. Гэхдээ сардаа 20 сая гаруй хандалт авдаг, инстаграмд 4,6 сая дагагчтай Эйми өөрийнхөө хүрээлэл дунд хэдийн алдарт хүрсэн нэгэн.

Калифорнид төрж, өссөн Эйми хувцас загварт нэлээд хожуу дурласан гэдэг. “Би их эршүүд охин байсан. Ахлах сургуульд байхдаа төрөл бүрийн спортоор хичээллэдэг байсан” гэж тэр ярьжээ.

Эйми 2008 онд Сан Францискод Интерьер, архитектурын чиглэлээр суралцаж байхдаа анх удаа блог бичиж туршсан гэнэ. Уг нь бол интерьер дизайны сонирхолтой санаа, гэрэл зураг нийтлэхээр нээсэн блогтоо нэг удаа өөрийнхөө хурц тод, өвөрмөц загвартай хувцасласан зургаа оруулсан нь богино хугацаанд олон хүний сонирхлыг татжээ. Ингээд Эйми хувцас загвараар мэргэших болсон гэнэ.

Одоо бол Эйми алдартай фэйшн блоггер. Томоохон загварын долоо хоногийн нүүрэн эгнээнд тухалж, хэдэн зуун мянган ам.доллараар алдартай брэндүүдтэй гэрээ хийдэг. Түүний сонголт, хувцаслалт, зөвлөгөөг даган дуурайдаг бүхэл бүтэн “арми” хэдийнээ бий болжээ.

-Та өөрийнхөө хувцас загварын хэв маягийг хэрхэн тодорхойлох вэ?

-Калифорнийн хээнцэр гэх тодорхойлолтын дор маш олон төрлийн загварыг нийлүүлсэн гэж болно.

-Өглөө босоод хувцсаа хэрхэн сонгодог вэ?

-Миний сэтгэл санааны байдлаас, бас тэр өдөр юу хийхээр төлөвлөснөөс шалтгаалдаг. Ихэнхдээ нэг хувцас сонгоод, түүндээ тохируулж бусад хувцас, хэрэгслээ сонгодог. Дуртай брэнд гэвэл олныг нэрлэж болно. Phillip Lim, Isabel Marant, Zara, H&M, Alexander Wang, Givenchy, Saint Laurent гээд.

-Интерьер дизайн гаргах санаагаа хаанаас авдаг вэ?

-Хувцас загвар, уран зураг, гудамж талбай, байгаль гээд их олон зүйлээс санаа авдаг. Интерьер дизайн, архитектур үргэлж миний сонирхлыг татдаг байсан.

-Амралтын өдрүүдээр юу хийх дуртай вэ?

-Нохойтойгоо гадуур зугаалж, серфинг хийх дуртай. Бас хар захаар хэсэх дуртай. Үнэтэй биш ч сайхан хоолтой, түргэн үйлчилгээ ресторанд хооллох бас дуртай.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж