Палестин НҮБ-д элсэх хүсэлтээ удахгүй гаргана

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Палестин НҮБ-д элсэх хүсэлтээ удахгүй гаргана

Палестины удирдлагууд НҮБ-д гишүүнээр элсэх өргөдлөө ирэх есдүгээр сард гаргах гэж байна. Тус улс 50 өдрийн дараа Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассемблейн жил тутам зохион явуулдаг ээлжит хурлын үеэр хүсэлтээ гаргах бөгөөд Палестины уг хүсэлтэд Арабын орнууд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Хэд хоногийн өмнө Катарт болсон Арабын холбооны хоёр өдрийн чуулганд оролцсон Палестины ахмад зөвлөх Саиб Ерекат Арабын холбоо НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий Ассемблейд хандах Палестины төлөвлөгөө, үүний дараа авч хэрэгжүүлэх алхмуудад хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхээр болсон тухай албан ёсоор мэдэгджээ.

Израилийн Ерөнхий Сайд Бенжамин Нетаняху 1967 онд тогтоосон хилийн шугамыг өөрчлөхгүй гэсэн нөхцөлтэйгээр палестинчуудтай хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд Израиль, Палестины хүн амын асуудлыг энхийн замаар шийдвэрлэх хэрэгтэйг онцолжээ. Мөн энэ асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн өнгөрсөн тавдугаар сард хийсэн мэдэгдэлд хоёр талын хэлэлцээр 1967 оны хилийн асуудал, газар нутгаа солилцох асуудал дээр төвлөрөх хэрэгтэйг чухалчилсан байна.

Баруун эргийн улс төрийн шинжээчийн үзэж буйгаар энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр Палестины талд үзүүлж байгаа олон улсын хүчин чармайлт, дарамт шахалтын үр дүн Палестины НҮБ-д элсэх хүсэлтэд огт нөлөөлөхгүй гэжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж