Шатрын мастерууд зуны эрчимжүүлсэн сургалт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.05.04-нд нийтлэгдсэн

Шатрын мастерууд зуны эрчимжүүлсэн сургалт зохион байгуулна

Шатрын ОУИМ А.Энхтуулын санаачилсан шатрын зуны эрчимжүүлсэн гурван сарын сургалт эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Оюуны их спортоор дамжуулан эх орноо тив, дэлхийд элит байдлаар сурталчилах, оюунлаг хүүхэд залуучуудыг бэлтгэх зорилготой, шатрын бэлтгэлийг системтэй хийх, төлөвлөгөө гаргах, биеэ даан суралцах, зөв төлөвших чадварт сургах энэхүү сургалт хүүхэд залуус, шатар сонирхогч хэн бүхэнд нээлттэй бөгөөд манайдаа хамгийн тохилог, олон улсын стандартад нийцсэн нөхцөлтэй "Зууны шатар" клубын байранд тавдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-нд болно. Гадны улс орнуудад ОУИМ цолтой тамирчдаар шатар заалгах боломж маш ховор байдаг. Харин энэхүү сургалтыг олон улсын мастеруудын бүрэлдэхүүнтэй, манай хамгийн шилдэг шатарчдын баг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах нь гол онцлог. Зуны сургалтын дасгалжуулагчаар ОУИМ А.Энхтуул, зөвлөх багшаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн, зөвлөх дасгалжуулагч, лектороор гавьяат тамирчин, ОУИМ, Б.Мөнгөнтуул, ОУИМ Б.Гүндаваа, Ц.Батчулуун, ОУМ Г.Мөнхгал, ОУШХ-ны мастер С.Ган-Од, туслах дасгалжуулагчаар спортын мастер А.Баярсайхан, сэтгэлзүйчээр ОХУ-ын Москва хотноо МВД их сургуулийг амжилттай төгссөн Б.Анхтуул, нийгмийн ажилтан, сурагчдыг хариуцсан багшаар У.Отгонсүрэн нар ажиллах юм. Дасгалжуулагч А.Энхтуул нь ОХУ-ын Москва хотын их сургуульд шатрын онолч, ОУИМ Игорь Глекийн удирдлагад суралцсан, АНЭУ-ын Спортын яамны хэрэгжүүлэгч агентлаг Ал-Айн хотын шатрын төв клубт ерөнхий дасгалжуулагчаар ажилласан туршлагатай бол шатрын спортоос төрсөн Монгол Улсын цорын ганц гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн нь манай улсын найман их мастерын дөрвийнх нь багш билээ. Шатрын энгийн бэлтгэлээс эрс ялгаатай энэхүү сургалт шахуу хуваарьтай үргэлжлэх ч зохион байгуулагчид маш сонирхолтой үйл ажиллагаануудыг хөтөлбөртөө тусгаад байна. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг хүүхдийг тэтэгэлэгт хамруулснаар сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлж, олон хүүхдэд хөнгөлөлт үзүүлэх юм. Та зуны амралтаа маш үр дүнтэй, хэзээ ч мартагдахааргүйгээр өнгөрүүлэхийг хүсвэл 98111824 дугаарын утас, enkhtuulchess@gmail.com хаягаар холбогдоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж