Ердөө долоо хоногийн өмнө Америкийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон Юрген Клинсманн ажилдаа эрчимтэй орлоо. Тэрбээр нэгдсэн улсын шигшээ багийг удирдан анхны тоглолтоо тав хоногийн дараа буюу наймдугаар сарын 10-нд Мексикийн шигшээ багтай хийх юм. Тус тоглолтод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг Герман дасгалжуулагч сонгожээ. Хэдийгээр Клинсманн Америкийн багтай тулж ажиллаагүй ч эхний тоглолтдоо ерөнхийд нь туршлага болон залуу эрч хүчийг хослуулсан байна. Түүний шигшээд дуудсан 22 тоглогчийн дотор Лэндон Донован, Тим Ховард, Карлос Боканегра, Жермэйн Жонс нарын хууччууд багтжээ. Мөн шинээр Брэк Ши, Эдгар Кастилло, Майкл Орозко, Билл Хамид нарын залуу тоглогчдыг дуудсан байна. Харин Клинт Дэмпси, Жози Алтидор нарын одод нь Премьер лигийн шинэ улиралд бэлтгэж, Англид байгаа юм. Клинсманн хэлэхдээ “Би ажилдаа ороод удаагүй болохоор хэн нь аль байрлалд сайн тоглож чадахыг бүрэн гүйцэд судалж амжаагүй. Тийм учраас байрлал бүрт өрсөлдөөнийг нээлттэй үлдээж байна. Тоглогчид шигшээдээ дуудагдах, гараанд гарахын тулд сайн тэмцэх хэрэгтэй” гэжээ. 2006 онд Германы хөлбөмбөгийн шигшээ багийг эрс шинэчилж чадсан Клинсманн одоо Америкийн хөлбөмбөгийг дэлхийн тавцанд гаргахын төлөө ажиллах болж байна. Түүний ажил хүндхэн сорилтоор эхэлж байгаа. Өмнөх дасгалжуулагч Боб Брэдлиг ажлаас халагдахад гол нөлөө үзүүлсэн Мексикийн шигшээ түүний анхны сорил байх болно.
Score Studio