-УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан хүсэлтийн дагуу Оффшорын асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт УИХ-д мэдээлэл хийлээ-
Гишүүд энэхүү мэдээллийн дараа сонирхсон асуултдаа хариулт авав. Өмнө нь "Оффшор бүсэд Монголын иргэдийн 17 тэрбум ам.доллар байдаг" гэж яригдаж байсан бол "Монгол Улсын иргэдийн оффшор бүсэд байгаа мөнгөн дүнг тогтоох боломжгүй" гэдгийг АТГ-ын дарга хэллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:
-"Оффшор бүсэд манайхны 17 тэрбум ам.доллар бий гэж яригдаад байгаа. Энэ нь Монголын хэмжээнд хэт их тоо юм шиг сонсогдоод байна. Тиймээс АТГ-ын даргаас хариулт авмаар байна".
АТГ-ЫН ДАРГА Х.ЭНХЖАРГАЛ:
-"Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуй нэгж байгаа гэж одоогоор тогтоогдсон. Тэр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байгаа. Тэднээс байцаалт авсан. Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор сонирхож үзсэн, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг. 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг бол тогтоогдох үндэслэлгүй тоо. Харин 29 хүний тухайд оффшорын асуудлаа цэгцэлсэн гээд, бүх бичиг баримтаа авч ирж, мэдүүлэг өгсөн".
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:
-"Төрийн албан хаагчид дунд 20 хүн оффшортой байна гэлээ. Үүнийг яагаад ил болгодоггүй юм бэ? Ганцхан С.Баярцогт руу оффшор гээд дайраад байсан биз дээ. Сү.Батболдын ах, Тэмүүлэнгийн авга ах, Дэлгэрсайхан, Цогтбаатар нартай холбоотой оффшорын асуудлыг ярих хэрэгтэй шүү дээ" гэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т.НОМИН