“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг шүүмжлэв

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2017.04.28/ боллоо.

Хурлыг тус компанийн толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Түмэнцогт даргалан явуулсан байна.

Тус компанийн хувьцааг эзэмшиж буй хоёр сая гаруй иргэдийг төлөөлөн 64 иргэн хуралд оролцсон юм. Энэ нь урьд өмнөх онуудаас хамаагүй өссөн тоо гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболд онцолсонб айна.  Өнгөрсөн оны  хувьцаа эзэмшигчдийг төлөөлж, 10 иргэн, түүний өмнөх онд зургаан хүн оролцож байжээ.

Тус хурлаар компанийн ТУЗ—ийн хараат бус гишүүний томилгоо  хуралд оролцсон хүмүүсийн анхаарлыг татаж, шүүмжлэл өрнүүлжээ. Хурлын төлөөлөгч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд одоогийн хараат бус  гишүүдийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүнээр  П.Өлзийнаран, Э.Ганбаатар, Х.Болор-Эрдэнэ гэж гурван хүн одоо ажиллаж байгаа бөгөөд тэднийг  компанийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаар томилжээ. Хараат бус гишүүд нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэний эрх, ашгийг хамгаалж байх ёстой. Гэвч иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар дээрх гишүүд санаачилгатай ажиллаж чадахгүй байгааг хуралд оролцсон олон хүн хэлж байлаа. Одоо хараат бус гишүүнээр ажиллаж байгаа Х.Болор-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү юм байна. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан аж.

Хараат бус гишүүдийг томилохдоо  хурлын зарыг хангалттай түгээгээгүй, ердөө 30 минутын хугацаанд хуралд оролцох иргэдийг бүртгэсэн, хурлын танхим жижиг байна, хурлыг хаалттай явуулж байна гэх шүүмжлэлийг эдийн засагч Л.Наранбаатар хэлж байлаа. Мөн тэрээр хурлын танхимын 3G сүлжээг хаасанд бухимдан, компанийнхаа ажилчдаар энэ танхимыг дүүргэсэн байна гэж хардаж байгаагаа ний нуугүй илэрхийллээ.

Өнөөдрийн хуралд ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн гадаадад томилолттой яваа учир оролцсонгүй. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал ч ирээгүйд эргэлзэж гайхсан хүмүүс цөөнгүй байлаа.


"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН 
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН
 

Удирдлага:

  • ТУЗ-ийн дарга: У.Бямбасүрэн /Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Дэд дарга/
  • ТУЗ-ийн нарийн бичгийн дарга: Ш.Мөнхцэрэн

Гишүүд:

  • ТУЗ-ийн гишүүн: Х.Батжаргал /Байгаль орчин,  аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга/
  • ТУЗ-ийн гишүүн: С.Амгалан /"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал/
  • ТУЗ-ийн гишүүн: С.Батболд /Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/
  • ТУЗ-ийн гишүүн: С.Наранцогт /Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга/
  • ТУЗ-н гишүүн: Г.Нандинжаргал /Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
  • Хараат бус гишүүн: П.Өлзийнаран
  • Хараат бус гишүүн: Э.Ганбаатар
  • Хараат бус гишүүн: Х.Болор-Эрдэнэ

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж