29-р сургуулийг хараад сэтгэл урагдсан гэв

Хуучирсан мэдээ: 2017.04.27-нд нийтлэгдсэн

29-р сургуулийг хараад сэтгэл урагдсан гэв

“Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн Т.Цэдэнбал, “Сонсголгүй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Амаржаргал, “Монголын үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл” ТББ-ын тэргүүн М.Ганбаатар, Сонсголгүй иргэдийн мэдээллийн төвийн мэдээллийн ажилтан Б.Нэмэхбаяр, "Ноцтой мэдээ" сонины эрхлэгч Б.Галсансүх нар мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн үед 29-р сургууль дээр өрнөөд байгаа асуудалд байр сууриа илэрхийлэв.

“Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Амаржаргал:

-Сонсголгүй хүүхэд бол сэтгэцийн өвчтэй биш. Багш нар дохионы хэлээр ганцхан харилцах нь нийгэмшихэд нь муу нөлөөтэй гэдэг буруу зүйл юм. Хүүхдүүдэд дохионы хэлээс гадна харах чадвар дээр нь суурилж мэдлэг эзэмшүүлэх ёстой. Тиймээс 29-р сургуулийн хүүхдүүдийн болон эцэг эхийн эрхийг хамгаалахад бидэнтэй хамтран ажиллаач гэдэг зүйл юм.

"Монголын сонсголгүй иргэд" ТББ-ын тэргүүн Т.Цэдэнбал:

-Би 29-р сургуулийг төгссөн. Одоогийн нөхцөл байдал ч мөн тухайн үед байсан. Олон жил тэвчсэн. 50 жилийн түүхт сургуулийг хараад сэтгэл их урагдаж байна. Хүүхдүүд дохионы хэлээр хичээл заа гэж хэлснийх нь төлөө өмгөөлөгч хөлслөн авч, 60 гаруй багшийг хүүхдүүдийн эсрэг турхирч буй маш муухай үйл явдал болж байна. Г.Батбаяр өмгөөлөгч өөрөө хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Сонсголгүй хүмүүсийг мэдэхгүй байж, мөнгөний төлөө сонсголгүй хүүхдийн эрх ашгийг хөндөж байна.

Монгол үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөлийн тэргүүн М.Ганбаатар:

-Боловсролын яамнаас сонсголгүй хүний хөгжих орчин сайжирч байна гэж худлаа судалгаагүй зүйл ярьж байна. Дохионы хэл бол миний хэл мөн. Би хүмүүстэй дохионы хэлээр харилцаж байна. Хүмүүстэй харилцахад хүүхдүүд маань дохионы хэлээ мэдэхгүй байна. Зүрх сэтгэл минь өвдөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд сонсголгүй хүний хэл дохионы хэл мөн гэж заасан. УИХ-ын дарга дохионы хэлний хуулийг батлах хэрэгтэй.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж