-Манай намаас МАХН руу ямар шалтгаанаар явах вэ гэдэг чинь сонин шүү дээ. О.Баасанхүү гишүүн өглөө босч ирээд л нэг тийм юм ярьдаг жишиг рүү орчихлоо-
Өчигдөр /2017-04-26/ МАН-ын Удирдах Зөвлөл хуралдсан. уг хурлаар ямар асуудлууд хэлэлцсэн талаар МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
-МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан. Чухам ямар асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн бэ?
-Манай намын Удирдах зөвлөлийн хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор бага хурлын товыг тогтсон. Тодруулбал, Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах бага хурлаа тавдугаар сарын 3-нд хийхээр шийдвэрлэлээ.
-Бага хурлын гишүүд нэр дэвшүүлээд олонхын санал авсан нь дэвшинэ гэсэн үг үү?
-Бид олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмний хүсэмжит улстөрчийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийн төлөө олон төрлийн судалгаануудыг хийсэн. Тэр ч утгаараа хийсэн судалгаанууддаа үндэслэн нэр дэвшигчийн саналыг Удирдах зөвлөл, Бага хуралдаа оруулж, нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна.
Монгол Ардын нам 2016 оны УИХ-ын сонгууль болохын өмнө Монгол орон даяар, бүх тойрог дээр судалгаа хийж байсан.
Тухайн аймагт МАН-аас хэн гэдэг улс төрч нэр дэвшиж, өрсөлдвөл ялалт авах боломжтой вэ? Ард түмэнд тэр хүн нь хэр үнэлэгдэж, таалагдаж байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр мандатаа хуваарилж, нэр дэвшигчээ тодруулсан.
Тэр нь оновчтой байсан гэдэг нь өнөөдөр 65 суудал авчихсан байгаа нь баталгаа байх гэж харж байна. Үүнтэй нэгэн адилаар судалгааныхаа дүнг танилцуулж, Бага хурлын 310 гишүүн хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг шийднэ дээ.
-Өчигдөр Зөрчлийн тухай хууль нэлээд асуудал дагууллаа. Танай Удирдах зөвлөл дээр энэ асуудлыг хэлэлцсэн үү?
-Зөрчлийн хууль нэлээд дуулиан дагуулах шиг боллоо. Мэдээж "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд асуудал оруулаад нөгөөх нь Байнгын хороогоор дэмжигдээд явж байгаа гэдэг нь Монгол Ардын Намтай холбохоос өөр аргагүй.
Гэхдээ эрх барьж байгаа намын хувьд энэ хуулийн анхны төсөл нь өргөн баригдахдаа ямар байдлаар орж ирсэн бэ гэдгийг нь хэвлэл мэдээллийнхэн маань, ард иргэд анхаарах хэрэгтэй. Анхнаасаа тийм заалттай байгаагүй. Байнгын хорооны хуралдааны үеэр нэг гишүүнээс санал гарч дэмжигдсэн асуудал байсан. Гэхдээ санал гаргасан гишүүн нь саналаа эргүүлэн татчихсан байна лээ.
-МАН-ын зургаан гишүүн МАХН-д орох гэж байгаа талаар О.Баасанхүү гишүүн ярьсан байна. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Манай намаас МАХН руу ямар шалтгаанаар явах вэ гэдэг чинь сонин шүү дээ.
О.Баасанхүү гишүүн өглөө босч ирээд л нэг тийм юм ярьдаг жишиг рүү орчихлоо. Яагаад тийм юм яриад байдаг юм бүү мэд. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбоотойгоор өөрийнхөө намын дотоод асуудлыг манай намтай холбож, манай намын нэр дэвшигчийн саналыг багагүй хэмжээгээр хуваалгах хүслээ далд байдлаар илэрхийлж байгаа нь энэ байх гэж харж байна даа.
Эрх барьж байгаа 65 суудалтай нам ямар байдгийг манай улс төрчид мэднэ ээ.
Г.ХОРОЛ