УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр оффшортой холбоотой асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох албаны хүнээс тайлбар авах үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан оффшор дансаа хаалгасан болохоо мэдэгдлээ.
Энэ тухайгаа тэрбээр “Би 24 жил бизнес хийсэн хүн. Ингэхдээ Монголд 100 тэрбум ам.долларын оруулж ирсэн байдаг. Гадныхантай хамтрах гэхээр данс нээхийг шаарддаг. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтай компанийн 70 гаруй хувь нь оффшор бүсэд бүртгэлтэй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдсэн.
Бизнес хамтарч эрхлэх болоход биднийг ч данс нээх санал тавьдаг. Гэхдээ би улс төрд орж ирэхээсээ өмнө оффшорт байсан дансаа хаасан. Данс хаахад 5-6 сар шаардагддаг юм билээ. Гэхдээ оффшор гэж хэт туйлширвал гаднын хөрөнгө оруулагч ч үргэнэ. Цаашлаад эдийн засаг хүндрэх аюултай” гэсэн тайлбар хийсэн юм.
УИХ-аас өнгөрсөн онд оффшорыг зохицуулах тухай хуулийн төслийг баталсан. Үүгээр төрийн албанд ажиллаж байгаа 39 мянга гаруй иргэн дээрх хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай болж буй. Хэрвээ оффшор бүсэд данс эзэмшдэг, хөрөнгө байршуулсан, компани байгуулсан бол үйл ажиллагааг нь зогсоох, хөрөнгөө Монголдоо оруулж ирэх үүрэг хүлээж байгаа.
Хэрвээ хуулийг хэрэгжүүлэхгүй бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх, цаашлаад шалгуулах зэрэг асуудал үүсэх юм.
Г.ХОРОЛ