Н.Түвшинбаярыг дасгалжуулагчаар сонгожээ

Хуучирсан мэдээ: 2017.04.27-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаярыг дасгалжуулагчаар сонгожээ

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлт ирэх бямба гаригт буюу энэ сарын 29-ний өдөр Хөлбөмбөгийн талбай дээр болно. Энэ жилийн лигийн тэмцээнд арван баг оролцож байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Арвайн үндэс” ХК ажиллаж байна. Лигийн нээлтийн үеэр нэгэн сонирхолтой нөхөрсөг тоглолт болно. “Оддын хөлбөмбөг” нэртэй тоглолтод урлаг, спортын алдартнууд багтсан. Энэхүү тоглолтыг Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн хэлтсээс зохион байгуулж байгаа бөгөөд тэд өнөөдөр тоглолтын талаарх мэдээллийг өглөө.

Нөхөрсөг тоглолтод оролцох одод “Хөх чононууд”, “Цагаан барс” багт хуваагдсан бөгөөд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Соёлын гавьяатууд болон спорт, урлагийн алдартнууд оролцох юм. Тодруулбал, Олимпийн медальтнуудаас Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Д.Отгондалай нар багтсан бол улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчтэнүүд ч ур чадвараа сорино. Урлаг соёлын оддоос “Хурд”, Guys хамтлагийнхан болон Г.Ганхүү, П.Баярцэнгэл, яруу найрагчдаас Ш.Гүрбазар бий.

“Оддын хөлбөмбөг” тоглолтын тасалбар 3000 төгрөг бөгөөд 1000 төгрөг нь Аутизмыг таниулах сарын аянд зориулах юм. Зөвхөн энэхүү арга хэмжээгээр зогсохгүй эх үрсийн баяр, шинэ жил болон бусад арга хэмжээний үеэр аутизмтай хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг гардуулна гэдгээ Монголын хөлбөмбөгийн холбооноос хэллээ.  

“Оддын хөлбөмбөг” тоглолт бямба гаригийн 14.00 цагт эхлэх бөгөөд багуудын Ерөнхий дасгалжуулагч нарыг томилжээ. “Цагаан барс” багийг Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, “Хөх чононууд”-ийг яруу найрагч, хөтлөгч Соёлын Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар дасгалжуулна. Багууд хоёр үе тоглох бөгөөд үе бүр 20 минутаар тоглоно. Мөн тэмцээний үеэр сонирхолтой бэлгүүдийг бэлдээд байгаа аж. Нэгэн нэмэлт мэдээлэл хүргэхэд хоёр багийн нээлттэй бэлтгэл өнөөдөр 20.00 цагаас Хөлбөмбөгийн талбай дээр болохоор болжээ.

“ЦЭНХЭР” БУЮУ ХӨХ ЧОНОНУУД:

  • Ерөнхий дасгалжуулагч: МУСГЗ Ш.Гүрбазар
  • Г.Ганхүү – “Шар айраг” хамтлагийн дуучин
  • Д.Энхбаяр –  TV Coctail хамтлагийн жүжигчин
  • Ш.Батсуурь -Жүжигчин
  • Н.Оргил -Жүжигчин
  • Э.Бадар-Ууган -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
  • Х.Бат-Ундрал -"Guys" хамтлагийн дуучин
  • Х.Манлайбаатар –Жүжигчин
  • Д.Отгонбаяр – “Хурд” хамтлагийн соло гитарчин
  • Ж.Нарантунгалаг – Монголын тулааны спортын тамирчин, холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин
  • Д.Дэрмээ- "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин
  • П.Сэрдамба – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
  • Б.Пүрэвсайхан – Бөх, Монгол Улсын Заан
  • Шинобу Амараа буюу Ц.Амарсайхан – Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Shinobu fighting, fitness center” төвийн тамирчин

“ЦАГААН” БУЮУ “ЦАГААН БАРС” БАГ:

  • Ерөнхий дасгалжуулагч: Н.Түвшинбаяр – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
  • Х.Цагаанбаатар – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
  • Д.Отгондалай – Монгол Улсын Гавьяат тамирчин
  • Т.Бархүү – Жүжигчин
  • Б.Анхбаяр – Жүжигчин
  • С.Болд-Эрдэнэ – УДЭТ-ын жүжигчин
  • Р.Пүрэвдагва – Бөх Монгол Улсын Арслан
  • Д.Отгон-Баатар – Хурд Хамтлагийн бөмбөрчин
  • Д.Лхагва -"Guys" хамтлагийн дуучин
  • П.Баярцэнгэл – Дуучин
  • Б.Батзаяа – Хөтлөгч
  • Э.Цолмонбаяр – Жүжигчин, хөтлөгч
  • Н.Ялалт – Жүжигчин
  • О.Амгаланбаатар – Жүжигчин, загвар өмсөгч нар багтсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж