ОХУ-д айлчилж байгаа Японы Ерөнхий сайд Шинзо Абе ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өчигдөр /2017.04.27/ хэлэлцээр хийлээ.
Хэлэлцээр амжилттай болсныг Шинзо Абе, Владимир Путин нар хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Айлчлалын өмнө мэдээлж байсанчлан Курилын арлуудад Орос, Японы тал хамтран аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх талаар тохиролцож чадсан байна. Ямар чиглэл, салбараар хамтран ажиллах тодорхой төсөл хөтөлбөрийг ойрын үед хоёр тал тохиролцох юм.
ОХУ болон Японы хооронд зөрчилтэй хэвээр байгаа Курилын арлуудын эзэмшлийн асуудал хэлэлцээрийн үеэр хөндөгдсөн гэдгийг Владимир Путин хэлэлцээрийн дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Курилын арлуудыг эзэн ОХУ уу, Япон уу гэдэг асуудал дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоёр орны дунд шийдэгдээгүй байсаар байгаа юм.
Курилын арлуудад хоёр улс хамтран аж ахуй эрхэлж, бизнес хийж болох анхны тохироог Владимир Путины өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Токиод хийсэн айлчлалын үеэр хийсэн.
Хэвлэлийн бага хурлын үеэр Шинзо Абе Курилд ямар аж ахуй эрхэлж болох талаар хэлсэн байна. “Япончууд, оросууд хамтран загас агнаж болно, бас Японы бизнесмэнүүд аялал жуулчлалыг хөгжүүлэх, арлын оршин суугчдын амьжиргааг дээшлүүлэхэд тусалж болно” хэмээн Абе хэлжээ.
Мөн Курилын аралд өмнө нь оршин сууж байсан япончуудын үр удам өвөг дээдсийнхээ шарилыг эргэхэд зориулж Японоос Курил руу агаарын шууд нислэг гаргах боломжийг хангаж өгнө хэмээн Путин амалсан байна.
Курилын арлуудын асуудлаас гадна Хойд Солонгосын асуудлаар санал солилцсоноо Абе болон Путин хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Шинзо Абегийн хэлснээр хоёр тэргүүн энэ асуудлаар “хангалттай удаан” санал солилцсоны эцэст Хойд Солонгос НҮБ-ын тогтоолыг мөрдөх ёстой гэсэн нэгдсэн шийдэлд хүрсэн гэлээ. НҮБ-ын тогтоол ёсоор Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилтаа зогсоох учиртай юм.
Хойд Солонгосын асуудал “харьцангуй муудаад байгааг” Путин хүлээн зөвшөөрсөн байна.
А.ТУЛГА