АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын талаар баримтлах бодлогоо уржигдар /2017.04.26/ танилцуулсан. Тэрбээр энэ асуудлыг энх тайвны замаар, дипломат яриа хэлэлцээний аргаар шийднэ хэмээн Сенатын гишүүдэд мэдэгдсэн.
Цэргийн хүч илгээснээ мэдэгдэж сүрийг үзүүлсэн байсан Трампын бодлого зөөлөрсөн хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм. Трамп зөөлөрснөөр барахгүй Ким Чен Уныг “ухаалаг хүн” хэмээн үнэлсэнийг америкийн хэвлэлүүд мэдээлж байна.
“Тэр дөнгөж 27-тойдоо улсаа удирдаж эхэлсэн. Аав нь нас барж, тэр эрх мэдлийг авсан. Хүмүүс юу дуртайгаа ярьсан ч гэсэн ийм насанд энэ бол амар зүйл биш” хэмээн Трамп Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Хойд Солонгосын удирдагч ухаалаг хүн гэдэгт найдаж байгаагаа тэр бас хэлсэн байна. “Энэ бол магтаал биш. Бас шүүмжлэл ч биш. Тэр ухаалаг эсэх тал дээр над ямар нэг бодол байхгүй. Гэхдээ түүнийг ухаалаг хүн гэж найдаж байна” гэж Трамп хэлжээ.
Трампын гол туслахын нэг Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өмнө нь Ким Чен Ун “галзуу хүн биш” хэмээн мэдэгдэж байсан юм.
А.ТУЛГА