Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад Марин ЛеПен, Эммануэл Макрон нар өрсөлдөнө. Улс төр судлаачид “Макрон төвөггүй ялна, учир нь францчууд хэн нэг хувь хүнээс илүү хоосон орон зайг хүсэж байна” гэж дүгнэж байна.
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны үр дүн тун сонирхолтойгоор төгсөв. Яг л эгзэгтэй үе дээрээ дуусчихдаг адал явдалт олон ангит кино шиг. Одоо тавдугаар сарын 7-нд францчууд Эммануэл Макрон, Марин ЛеПен нарын нэгийг улсынхаа төрийн тэргүүнээр сонгоно.
Ерөнхий сайд асан Франсуа Фийон өмнөх гэм нүгэлдээ дарагдаж, эхний шатнаас хасагдав. “Зүүнтэн” Жан-Люк Меланшон өөрийн алдарт “19 хувь”-иа ажил хэрэг болгож чадсангүй, бас л бүдэрлээ.
Сонгуулийн эхний шатны санал хураалтын шөнө сонин содон зүйлс болсонгүй. Харин сонирхолтой хэдэн факт дурдвал, Фийон зэрэг хуучны улстөрчид нийгэм судлаачдад маш их итгэдгээ харуулав. Саналын хуудсын 20 хувь нь тоологдоогүй, хоёрдугаар байраас ердөө ганцхан хувиар хоцорч явахдаа Фийон ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгч нартаа ялалтын баяр хүргэжээ. Мөн өөрийг нь давж гарсан Макроны төлөө саналаа өгөхийг өөрийг нь дэмжигсдэд хандан хэлэв.
Хоёрдугаар шатны санал хураалтын дүнд улстөрчид, судлаачид 99 хувийн итгэлтэй байгаа. Сүүлийн жилүүдэд Марин ЛеПений чансаа нэмэгдэж байгаа ч анти-чансаа нь өндөр хэвээр. Эрх баригчид ба нэр дэвшигчдийн ихэнх нь Макроныг дэмжихийг уриалж байна. Тэрбээр “залуу технократ” бөгөөд ягштал баримтлах үзэл баримтлал, тодорхой хөтөлбөр байхгүй учраас анти рейтинг гэгч зүйл түүнд байхгүй.
Францын ард түмэнд улстөрчдөд итгэхээ больсон нь саяын сонгуулийн дүнгээс харагдсан юм. Саяхныг хүртэл гол хоёр нам байсан социалист ба бүгд найрамдахчууд нийлээд дөнгөж 25 хувь хүрэх төдий санал авчээ.
Сонгогчдын дөрөвний гурав нь өөрчлөлтийн төлөө санал өгсөн байна. Өөрчлөлт гэж дуугарч байсан нэр дэвшигчид л сонгуулийг цаашид үргэлжлүүлэхээр болсон. Гэхдээ ЛеПен, Макрон хоёрын өөрчлөлтийн зохиомж нь арай өөр.
Марин ЛеПен тодорхой өөрчлөлтийг санал болгож байгаа. Тэрбээр үндэсний хилээ хамгаалж, хууль бус цагаачлалтай тэмцэхийг, ЕХ-ноос гарах бүх нийтийн санал асуулгыг явуулах, евро мөнгөтэй байх уу эсвэл франкдаа эрэн орох уу гэдэг талаар ярилцах, НАТО ер нь Францын сонирхлыг тооцон авч үзэх үү, эсвэл Франц эвслээс гарах уу гэдгийг хэлэлцэх талаар бодит ажил явуулахыг хүсэж байна.
Харин Эммануэл Макрон энэ урхийг тойрох аргаа олжээ. Түүнд өөрийн шинж чанар гэж байхгүй. Тэр зүгээр л залуу бөгөөд шинэ хүн. Өөрчлөлтийг хүсдэг, гэхдээ яг юу хүсэж байгаагаа өөрөө ч мэдэхгүй. Зүгээр л Эммануэлийн төлөө саналаа өг гэж уриалж байгаа. ЛеПенийг популист гэж нэрлэсэн нь түүнийг фашист гэснээс бага ч болов шударга. Үнэндээ жинхэнэ популист нь Макрон өөрөө гэж үзэх хэсэг бий.
Сонгуулийн хоёрдугаар шатанд Марин ЛеПенд ялах боломж тун тааруу. Ялахын тулд түүнд хэд хэдэн нөхцөл байдал хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиар гэртээ үлдсэн 20 хувийг санал өгүүлэх хэрэгтэй. Меланшоны төлөө санал өгсөн хүмүүсийг өөртөө татах хэрэгтэй. Дээр нь сонгогчдын гэнэтийн хөөрөл чухал.
Францын ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны санал хураалт ирээдүйн улстөрчдийн хоёр загварыг санал болгож байна. Нэг нь сайн ч, муу ч талтай бодит улстөрч. Харин нөгөө нь ямар нэг тогтсон үзэл баримтлалгүй, хоосон орон зай юм. Нийгэм судлаачид “Францчууд хоосон байрыг сонгоно. Учир нь тэд ЛеПений хөтөлбөрөөр бодит байдлыг эргүүлэхгүй” гэж үзэж байна. Юу болох нь тун удахгүй харагдана.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР