ТРАМПЫН 100 ХОНОГ: САЙН Ч ЮМ ШИГ, МУУ Ч ЮМ ШИГ
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч тангараг өргөж, албан үүргээ хүлээж авснаас хойших 100 хоног маргааш /2017.04.29/ тохиож байна.
Газар сайгүй л 100 гэсэн “ид шидийн тоо”-ны талаар янз бүрийн таамаг, дүгнэлт хөвөрсөөр. Ерөнхийлөгчид хөшөө босгох, үгүй гэвэл огцруулах эсэхийг шийдэх гэж буй аятай сэтгэгдэл энд тэндгүй.
Олон нийт ийнхүү ач холбогдол өгч, дүгнэн цэгнэж байхад Трампын засаг захиргааны сүүлчийн сайдыг бүр ерэн хэд дэх хоногт томилов. 100 хоног хаяанд ирээд хаалга тогшиж буй ч өөр нэгэн том тушаалын эрхэм батлагдаагүй л байна. Товчхондоо тэр АНУ-ын түүхэнд “эхний 100 хоногтоо хамгийн муу чансаатай ерөнхийлөгч” гэх албан бус цол хүртжээ. Гэтэл…
100 ХОНОГ БУВУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ДӨНГӨЖ 7%!
“100 хоног” гээч уламжлалыг Франклин Делано Рузвельт 1933 онд эхлүүлсэн гэдэг. Харин Рузвельт өөрөө энэ тухайгаа мэдээгүй явсан гэх. Их депресс гэх хямрал галзуурч, ажилгүйдэл 25 хувьд хүрч, АНУ-ын түүхийн хүнд үеүдийн нэг нь тэр байсан юм. Вашингтонд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд ирсэн олон хүн буцах зардалгүй, байрныхаа түрээсийг ч төлөх мөнгөгүй байв.
Энэ үед Конгрессын бараг бүтэн дэмжлэгтэйгээр маш богино хугацаанд 15 чухал хуулийг баталсан нь тус улсын ирээдүйг тодорхойлж өгчээ. Олон нийтийн дунд шуугиан тарилгүй чимээгүй, хурдан шуурхай улс төрийн хувьсгал нь фермерүүдийн бүтээгдэхүүнийг нэн яаралтай худалдан авах, төрийн байгууллагууд голчлон олон нийтийн ажил эрхэлсэн орон тоо бий болгож, хэдэн мянган хүнийг ажлын байраар хангаж, том банкуудын ажиллагаанд хяналт тогтоож өглөө.
Түүхч Адам Коэн "Юунаас ч айлгүйгээр" гэсэн номондоо "Хүмүүс хожим нь эхний 100 хоногийн дотор ямар их зүйлийг амжуулснаа ойлгосон” хэмээн бичжээ.
Барак Обама тодорхой хэмжээнд Рузвельтын амжилтыг давтсан гэж үнэлэгддэг. Эдийн засгийн хямралтай байсан 2009 онд онд тэр банкны салбарыг аврах, эдийн засгийг дэмжих хэд хэдэн хуулийн төслийг Конгресст дэмжүүлэн батлуулжээ. Хууль тогтоогчид Рузвельтын үе шиг л ерөнхийлөгчид бүрэн дэмжлэг үзүүлэх эрмэлзэлтэй байсан гэдэг.
Гэхдээ тэр нь Обамагийн эрх барьсан бүрэн эрхийн хугацааг тодорхойлсон гэж үү? Харин ч эсрэгээрээ хоёр, гурван жилийн дараа банкуудыг аварсан “мөнгө хэвлэх машин”-ыг ажиллуулсан гэх шүүмжлэлийн бай болов.
Ричард Никсон яалаа? Хятадтай харилцаагаа зөөлрүүлсэн, эртнээс хурцадмал байсан Зөвлөлт-АНУ-ын харилцааг эерүүлэс зэрэг гадаад бодлогын асуудлаарх түүний зоримог алхмууд өнөөдөр ч жишээ болгон яригддаг. Гэхдээ энэ бүгдийг тэр хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа хийсэн юм.
Рональд Рейган, Жон Кеннеди нар эхний 100 хоногтоо юу амжуулав?
Жон Кеннеди “эхний 100 хоног” гэсэн үнэлгээ шударга бус гэдгийг ойлгоод, тангараг өргөх ёслол дээрээ “Бидний зорилго эхний 100 хоногт биелэгдэхгүй. Бидний ажил 1000 хоногийн дараа ч дуусахгүй. Зүгээр л ажиллаад эхэлцгээе” гэж хэлж байлаа.
Харин Кеннедигээс ялгаатай нь Дональд Трамп эхний 100 хоногтоо их зүйл хийхээр амласан. Тэр энэ 100 хоногт юу хийв гэдгийг ойлгох гээд үзье.
Чөлөөт хэвлэлүүд бол түүний гарааг бүхэлдээ сүйрэл гэж тодорхойлж байгаа нь харагдана. Конгрессын хоёр танхимд түүний намынхан олонх байгаа ч батлагдсан ганц ч хууль ерөнхийлөгчид байхгүй. Бүгд найрамдах намын гишүүнчлэлтэй олон гишүүн ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй байгаа.
Трампын засаг захиргаа Конгресстэй хэл амаа ололцож чадахгүй байгаагаас үүдэн зохих хууль, журмыг батлуулж чадаагүй нь том бүтэлгүйтэлд тооцогдож байна. Хоёрхон хоногийн өмнө танилцуулсан татварын шинэчлэлийн хуулийн төслийг ч ирэх зургадугаар сараас өмнө Конгресст өргөн барихгүй гэх яриа гарчээ.
Мөн Доналд Трамп дүрвэгч, цагаач иргэдийн урсгалыг хаах хоёр ч зарлиг гаргаад хоёулаа бүтэлгүйтсэн. Удаа дараа орон нутгийн болон давж заалдах шатны шүүх түүний зарлигийг хүний эрх зөрчсөн гэж үзэж, болиулсан билээ.
Ерөнхийлөгчийн нэр хүндэд хасах оноо авчирсан бас нэг хэрэг нь “Оросын” гэх тодотголтой. Сонгуулийн кампанийн үеэр Оросууд цахим халдлага явуулж, Трампыг ялахад нөлөө үзүүлэхүйц ажиллагаа явуулсан гэх хэргийг зохих албаны хүмүүс шалгаж байна. “Оросын” гэх энэ хэргээр Трампын ойрын зөвлөх Майкл Флинн огцорсон. Түүний оронд томилогдсон генерал Макмастер харин Ойрхи Дорнодын асуудлаар огт өөр бодлого баримтлах нэгэн гэгдээд байгаа.
Трампын сонгуулийн кампанийн билгэдэл шахуу болсон Мексикийн хилийн дагуу хана босгох ажил ч бүтэлгүйтэх магадлалтай байна. Ерөнхийлөгч энэ намар төсвөө батлуулах хүртэл Холбооны засгийн газраас хана босгох ажлыг санхүүжүүлэх хуулийн төслийг гаргуулахаар зүтгэж байгаа юм. Харин хууль тогтоогчид үүнийг таашаахгүй байгаа. Ардчилагч нар хана барихын эсрэг байр суурь илэрхийлж, төвийг сахисан бүгд найрамдахчууд хана барих зардлын асуудлыг энэ оны хоёрдугаар хагасаас хойш хэлэлцэх байр суурьтай байна.
Хэрэв Цагаан ордон, Конгресс хоёр тохиролцож чадахгүй бол Трампын 100 хоног нь засгийн газар, холбооны албан байгууллагууд төсвийн хуульгүйгээс болж ажлаа зогсоосон гэх таагүй түүхээр эхэлж мэдэхээр болжээ. Тийм ч учраас 45 дахь Ерөнхийлөгчийн чансаа хамгийн доогуур үзүүлэлттэйгээр 100 дахь хоногоо угтаж байна.
ГЭХДЭЭ НӨГӨӨ ТАЛААС НЬ ХАРАХ ГЭЭД ОРОЛДЪЁ
Сонгуулийн сурталчилгааны үеэр Трамп эхний 100 хоногт
- Дээд шүүхийн шинэ шүүгчийг томилно
- Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны гэрээнээс АНУ-ыг гаргана
- Keystone XL нэртэй хийн хоолойн хоригийг цуцлах
- Өмнөх засаг захиргааны зүгээс бизнест тавьсан хориг саадыг буулгах
- Вашингтоны лоббизмтай тэмцэх
- Хууль бус цагаачдын урсгалыг, нэн ялангуяа мансууруулах бодисны наймаачидтай тэмцэх
- Орогнолын гэх, нийтлэг хуульд хамрагддаггүй хотуудын санхүүжилтийг хасах зэрэг асуудлыг шийдэхээр амласан юм. Түүний энэ төлөвлөгөө 100 хувь биш гэхэд ерөнхийлөгчөөс хамааралтай нь лав бүгд шийдэгджээ.
Шинэ шүүгч Нил Горсич ажилдаа орсон, нефтийн хоолой барих асуудалд тавьсан хориг цуцлагдсан, үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд саад болж байсан 19 нэмэлт хуулийг хүчингүй болгосон, Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны гэрээнээс татгалзсан.
Ерөнхий прокурор, Дотоодын аюулгүй байдлын яам өмнөд хөршийнхөө хилийн дагуу ээлж дараатай ажил зохион байгуулсны дүнд хилээр хууль бусаар нэвтрэх урсгал гуравдугаар сард 30 хувиар, өмнөх жилийн нэгдүгээр улирлынхаас 64 хувиар буурчээ.
Хууль зүйн яам нь Холбооны мөрдөх товчооны хамт томоохон хотуудад дээрмийн бүлэглэлтэй тулж ажиллах болов. Цагаан ордны бүх ажилтнууд таван жилийн дотор холбооны ажилтай байх хугацаанд лоббийн үйл ажиллагаа явуулахаас татгалзсан баримтад гарын үсгээ зурцгаав. Хэрэв хууль тогтоогчид ийм үүрэг хүлээхгүй гэж байгаа бол тэр нь тэдний хэрэг.
Мөн Дээд шүүхэд Нил Горсичийг оруулж ирснээр, доод шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох боломжтой болов. Үүний дараа Трампын санаачилсан цагаачдын эсрэг хориг хэрэгжиж эхэлнэ гэгдэж байна.
Трампын гадаад бодлогын гол амжилтаар Хойд Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Хятадын бодлого өөрчлөгдөж буй хандлагыг нэрлэж болно. Энэ нь Пхеньяны асуудлаар Бээжин арга хэмжээ авах болно гэсэн Трампын бас нэгэн амлалт юм.
Мэдээж Трамп олон зүйлийг амжуулж чадаагүй. Харин амжуулсан зүйлсээ тэр өөрөө нэлээд өргөн хүрээний эсэргүүцэлтэй тэмцэж байж бүтээсэн юм. Харин ч Трампаас илүүтэй Конгрессийн ажлыг дүгнэсэн 100 хоног ч гэж тодорхойлж болно. Энэ тэр тэрхүү тэрслүү ерөнхийлөгчийн бас нэгэн ололт ажгуу.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР