Зөрчлийн хууль: Хулгай, танхай хоёртой яаж тэмцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

Зөрчлийн хууль: Хулгай, танхай хоёртой яаж тэмцэх вэ?

УИХ Зөрчлийн хуулийг хэлэлцэх хүрээнд хулгай, танхай зэрэг хэргийг Эрүүгийн хэргээр зүйчлэн, шоронд хорих ёстой юу, эсвэл Зөрчлийн хуулиар зохицуулаад явах уу гэдэгт байр суурь нэгдэж чадахгүй байна.

Одоо мөрдөж байгаа хуулиар хулгай хийсэн л бол Эрүүгийн хуулиар зүйчлэгдэн шоронд сууж ял эдэлдэг. Мөн санамсаргүй тохиолдлоор бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаар шоронд орсон залуус ч олон аж.

Шоронд хоригдож байгаа 8000 гаруй хоригдлын 40 гаруй хувь нь анх удаа хулгай хийж, мөн бусдын эрүүл мэндэд хохирол учруулан танхайрсан гэх зүйчлэлээр ял сонссон байдаг гэнэ.

Иймээс шоронжуулсан хуулиас татгалзахын тулд 300 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй бараа, эд зүйл зэргийг хулгайлсан, мөн санамсар болгоомжгүйгээсээ танхайрсан бол Зөрчлийн хуулиар 30 хоног саатуулах арга хэмжээ авахаар зүйлчилжээ. Гэхдээ энэ нь хэргийг анх удаа үйлдсэн бол Зөрчлийн хуулиар саатуулах арга хэмжээ авна. Харин хулгайг удаа дараа үйлдэж, амьжиргааны хэрэгслээ болгон ашигласан, мөн удаа дараа бусдын эрүүл мэндэд халдан танхайрсан бол хүндрүүлж авч үзэх юм байна.

Гэвч тэтгэврийн хөгшний 300 мянган төгрөгөөр үнэлэгдэх саалийн ганц үнээг хулгайлж, амьжиргаанаас нь салгасан хулгайч, 200 сая төгрөгийн үнэтэй авто машины шилийг хага цохисон танхайчуудад Зөрчлийн хуулиар саатуулах л арга хэмжээ авах нь учир дутагдалтай тул Эрүүгийн хуулиар ял шийтгэлийг нь ногдуулаад явах ёстой гэж үзэх гишүүд олон байна.

Хэрэв дээрх төрлийн хэргийг гэмт хэрэг гэж үзэхгүй Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулаад явбал зөөлдөж, улс оронд хулгай, танхай хоёр гаарч болзошгүй гэнэ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын тайлбарлаж буйгаар ийм байдлаар хулгай, танхайг зөрчил гэж үзэн, баривчлах шийтгэл ногдуулбал жижиг дэлгүүрүүд хулгайд хавтгайд өртөнө, дунд сургуулийн сурагчид дээрэмд өртөх магадлал өндөр болно.

Хулгай хийсэн нь баригдахгүй тохиолдолд хэдэн ч дэлгүүрийг ухаж, сүйд хийж болно. Баригдлаа гэхэд ганц л дэлгүүр “ухсан” гээд Зөрчлийн хуулиар шийтгүүлэх болбол ард нь олон жижиг дэлгүүрийн эзэд л хохирч үлдэнэ.

Бага насны хүүхдүүд гэрээсээ сургууль руугаа явах замд, эсвэл хичээлээсээ тараад гэр лүүгээ явах замд дээрэмд хамгийн ихээр өртдөг. Гар утаснаас нь эхлээд эд зүйлийг нь булаадаг, худал хэлж авдаг. Энэ тохиолдолд хулгайч 30 хоног саатуулагдаад өнгөрөх нь хэр шударга вэ гэдэг асуудал ч яригдаж байна.

Маргаан дагуулж буй гурав дахь заалт нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг яагаад саатуулах ёстой юм, торгуулийг нь тавиад, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасахад л хангалттай гэж үзэх гишүүн олон байна.

Гэвч амьдрал дээр энэ тохиолдолд торгууль бол шийтгэл биш болж хувирчээ. Жолоо барих эрхийг нь хассан байтал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машинаа ахин, дахин жолооддог.  Эцэстээ бусдын амь насанд онц ноцтой аюул учруулж, шоронд суух болдог.  Иймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд 30 хоног саатуулах байранд суулгахад дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй болж, ойлгоно.

Иймээс бусдын эрүүл мэндэд аюул занал учруулахгүй, мөн өөрийнх нь эрүүл мэндийг хамгаалах гэдэг агуулгаараа ч саатуулах нь хамгийн тохирсон шийтгэл болно гэж төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг үзжээ.

Гэвч саатуулах байр гэж юуг хэлэх вэ, шоронгоос ялгаатай юу гэдэг асуудал гарч ирж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн яриагаар бол саатуулах байранд очиход бусдад дарамтлуулж, харин ч чангалуулж болзошгүй. Энэ тохиолдолд хүний эрх зөрчигдөх эрсдэлтэй.

Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн тайлбараар бол саатуулах байрыг шоронтой зүйрлэх нь өрөөсгөл. Саатуулагдаж байгаа иргэдийн эрхэнд халдах зүйл байх ёсгүй. Байлгах ч үгүй.

УИХ Зөрчлийн хуультай холбоотой дээр дурдсан асуудлыг одоогоор эцэслэн шийдээгүй байна.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаас Зөрчлийн хуулиар зохицуулах уу гэдэг шийдлийг гаргана. Хэрвээ Зөрчлийн хуулиар шийдэхгүй гэвэл хулгай, танхай зэрэг хэргүүд ямар ч зохицуулалтгүй үлдэнэ. Учир нь эрүүгийн хуулиар энэ төрлийн хэргийг зүйчлэх хатуудна гэж үзэн хассан юм.

Г.ХОРОЛ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж