Багачуудаас баярыг нь булаах хэрэг байсан уу, сайд аа!

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

Багачуудаас баярыг нь булаах хэрэг байсан уу, сайд аа!

Хүмүүсийн сэтгэлд хадаатай цөөхөн баярын нэг нь үсэглэлийн баяр гэвэл та санал нийлэх үү. Бичиг үсэгт тайлагдаж, цагаан толгойн 35 үсгээ нүдэлж, уншиж сурсны баяр, эрдмийн баяраар хүүхэд бүр үсэг болдог. Би л гэхэд толгой дээрээ Г үсэг бүхий цаасан малгайгаар гоёчихоод

…Гэрийн гадаа пид пад

Гараад харсан Дондог алга

Гайгүй догшин бяруу сүүлдээд

Газрын уруу талийж одов оо хэмээн уншиж байснаа мартдаггүй. Хожим нь бяцхан охин маань О үсэг болчихоод Д үсэг болсон найзтайгаа зургаа татуулж, ОД болон баярлаж байсан нь саяхан. Үсэглэлийн баяраар эхэлдэг сурагч насны дурсамж Хонхны баяраар өндөрлөж, хүүхэд багачууд амьдралын босгыг алхан оддог. Ерөнхий эрдэм сурах 10-12 жилийн туршид шинэ жил, урлагийн үзлэг, бага, дунд анги төгссөний баяр гээд олон баяр тохиодог ч эхлэл, төгсгөлийн хоёр баяр бүхнээс эрхэм байх нь бий. Тэгвэл энэ жилээс багачууд баярлах эрхээ хязгаарлууллаа. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спорт (БСШУС)-ын сайд  Ж.Батсуурь 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр “Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 тоот тушаал гаргаж, шийдвэрийг бүх шатны сургалтын боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нарт хүргүүлжээ. Бүх шатны боловсролын байгууллагыг төгсөгчдийн төгсөлтийн баярыг урлаг, спорт, багш шавийн “Эрдмийн баяр” болгон зохион байгуулж байх зорилгоор уг тушаалыг гаргажээ.  Тушаалд “Эрдмийн баяр” тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хатуу хориглосон байна. 

Үсэг уншиж сурснаас эхлээд хонхны баяраар төгсдөг бүх баярууд сайдын тодотгосончлон “Эрдмийн баяр” байдаг. Багачуудын баяр томчуудынхтай адилгүй.  Зургаахан настай бяцхан жаалуудын үсэглэлийн баярыг нас биед хүрч, их дээд сургууль төгсөгчдийн “Party”-тай дүйцүүлэн ойлгож, хориг саад тогтоосон нь арай л хэтийдсэн шийдвэр биш үү, сайд аа. “Сайдын санаа нь зөв ч арга нь бурууджээ” гэж эгэл жирийн иргэд үзэж байна. Таны гаргасан шийдвэрээс болж эцэг эхчүүд болоод сургуулийн удирдлагууд, багш нарын  дунд үл ойлголцол үүсээд зогсохгүй хүчний байгууллагынханд өчиг мэдүүлэг өгөхдөө тулжээ.

…Бяцхан охиныхоо үсэглэлийн баяраар бэлэг өгнө гэж ангийн хүүхүүдийнх нь эцэг эхтэй тохиролцон цөөн төгрөг хураан бэлэг бэлдээд цагдаад дуудагдаж, сургуулийнх нь менежерт загнуулж, танай хүүхдүүдийн үсэглэлийн баярыг бид тэмдэглэх албагүй гэж доромжлуулав. Бид чинь ямар нийгэм байгуулчихав аа. Боловсролын сайд Ж.Батсуурь нэгэн тушаал гаргахдаа бидний бяцхан үрсийн баяр хөөрийг хулгайлчихлаа.

Төв аймгийн  Зуунмод дахь Хүмүүн цогцолбор сургуулийн бяцхан сурагчийн ээж ийн өгүүлж байна. Яг түүн шиг хүнд байдалд орчихсон эцэг эхийн зөвлөлийн гишүүн олон бий. Хүүхэд уншуулж, бичүүлж, бодуулж сургана гэдэг хүнд хөдөлмөр. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх гэж үгээ хэлж суухдаа үүнийг  хүн бүр ойлгодог. Чухам тиймээс ч гартаа үзэг барьж ч сураагүй хүүхдийг эрдмийн шан татуулсанд нь баярласан сэтгэлээ илэрхийлж, багш нарт гарын бэлэг гардуулах нь бий. Төлбөр мөнгө өгдөггүй улсын сургуулийнхан бүү хэл өдий төдий төлбөртэй хувийн сургуулийнхан ч бага ангийн багшаас гар татдаггүй. Үеийн үед л ийм байсан. Тэглээ гээд эцэг эхчүүд хоосроогүй, багш нар баяжаагүй. Зарим хүмүүс үүнийг хээл хахууль мэт үзэн ядах хэрнээ өөрийнхөө хүүхдийн сайн сайхны төлөө багш байтугайг  “хахууль”-дсаар л байдаг.

Харин хонхны баяр нэрээр лонхны баяр тэмдэглэж байгааг анхааруулж сэрэмжлүүлэх нь буруу зүйл огтоос биш. Гэвч амьдралыг хориг, саадаар  зохицуулах нь юү л бол доо. Сайд та, төгсөлтийн баяраа тэмдэглэж яваад өөд болсон оюутан ээжийн эмгэнэлт хэргийг нэн түрүүнд жишээ татан шийдвэрээ хамгаалах гэж байна уу. Талийгч бие муутай, багтраа өвчтэй нэгэн байснаас эмгэнэлт хэрэг гарсан юм билээ. Бас бус харамсалтай түүх байдаг л биз. Гэхдээ хориглох тусам хорхойсдог нь хүмүүний араншин. Саяхан Хэнтий аймагт архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон өдөр зургаан хүн архинд хордож, нэг нь өөд болсон. Тэдгээр хүмүүс дэлгүүр хоршооны хоригоос болоод сархад биш хор болох зүйл уучихсан байхыг үгүйсгэхгүй. Үүн лүгээ төгсөгчид баталгаатай үйлчилгээ авахыг хориглосноос болоод баталгаагүй, найдваргүй замыг сонгоход хүрвэл хэн хариуцлагыг үүрэх вэ. Энэ жилийн төгсөгчил “Сайд тушаасан”  гээд төгсөлтийн баяраа тэмдэглэхгүй гэж би л хувьдаа итгэхгүй байна. Аль эртнээс хонхны баярын төсвөө бүрдүүлж, өмсөж зүүх гоёлоо бэлдчихсэн болохоор гэнэт гаргасан шийдвэрийн биелэлт зуун хувь байх нь юү л бол. ЕБС төгсөгчдийн хувьд төгсөлтийн баяраа “Эрдмийн баяр”-аас хэтрүүлэх нь тун ховор. 17-18-хан насандаа цадигаа алдталаа баярлахыг аав ээжүүд зөвшөөрөх үү.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдөж, улс даяараа шуугиж байхад бараа нь харагдаж, дуу нь сонсдоогүй сайд маань хүүхэд багачуудын “Эрдмийн баяр”-т л сэтгэл чилээн сууж байжээ. Боловсролын салбарт эрдмийн баяраас өөр засч залруулах зүйл зөндөө бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж