CONVERSE гэхээр л цагаан таван хошуу нүдэнд харагддаг. Тэгвэл, дэлхийн хамгийн алдартай топ 10 гутлын брэндийн нэгээр нэрлэгддэг тэрхүү “Цагаан таван хошуу” хаяанд ирлээ.
Дэлгүүрийн шилэн хананд таван хошуу хэлбэр гаргаж өрсөн цагаан арьсан Chucks, үүдэнд нь байрлуулсан аварга том хэмжээтэй All-star гээд энд тэндгүй цагаан таван хошуу. Хүндэтгэлийн улаан хивс, нээлтийн цагаан тууз, олны танил, салбар салбарын алдартай эрхмүүдтэй нээлтийн ёслол өнөөдөр /2017.04.27/ болсон нь Converse-Hello Mongolia.
Нээлтийн арга хэмжээнд “Lemons” хамтлагийн соло гитарчин Тулга 14 жил “чирсэн” Converse кеттэйгээ зочлов. Бараг 10-аад жил угаагаагүй гэж өөрөө тайлбарласан тэр All-star одоо хамгийн хайртай гутал нь болжээ. Удах тусмаа, элэгдэх тусмаа, муухан хэлэхэд халтартаж, шороонд дарагдах тусмаа Converse илүү үнэ цэнэтэй болдог. Учир нь Converse-ын эдэлгээ, чанарыг илтгэж байгаа болохоор тэр.
Түүнээс гадна нээлтийн арга хэмжээнд даян аварга А.Сүхбат, бодибилдингийн дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг гээд спортын салбарынхан, “Камертон” хамтлагийн гишүүд, “Lemons”, “Моханик”-ийн төлөөлөл бас байлцсан юм. Рокеруудын хэдэн арван жил үнэнч явсан ковбой маягийн гутлыг тайлуулж чадсан цор ганц гутал гэдэг утгаараа амьд хөгжмийн төлөөлөл болсон эрхмүүд Converse-ын нээлтэд соёрхон саатсан нь тэр.
Товчхон, цомхон бөгөөд хүндэтгэлтэй, хүн бүрт таатай сэтгэгдэл үлдээж, басхүү азтай хэрэглэгчдэдээ бэлэг барьсан нээлтийн ёслолын дараа Converse-ын үнэнч хэрэглэгчид хүсэж, хүлээж байсан бүхнээ авч, тортой Converse-ээ барьсаар гарцгаасан юм.
Хаягийг нь сануулахад, Maxmall их дэлгүүрийн гуравдугаар давхарт NIKE брэндийн дэлгүүртэй яг зэрэгцээ байгаа. Дэлхийд тэргүүлэгч спортын брэндийг Монголд нэвтрүүлсэн BlueMon группийн ээлжит нэгэн бэлэг нь Converse байлаа.
1908 оноос хойш бүтэн зууны түүх элээсэн Converse кетийг анх санаачлан бүтээсэн эрхмийг Маркус Миллс Конверс гэдэг. Гутлын үйлдвэрт ажиллаж байсан нэр хүнд сайтай менежер 47 насандаа Массачусетс мужийн Малден хотноо Converse Rubber Shoe нэртэй компани байгуулжээ. Эхэндээ эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд зориулан өвлийн каучук ултай гутал үйлдвэрлэдэг байсан тэд 1910 оноос өдөр тутмын загварууд гаргах болсон гэдэг. Улмаар 1915 оноос спорт загварын гутал үйлдвэрлэж, 1917 онд Converse-ын алдарт All-star кетийг анх зах зээлд нийлүүлжээ.
1923 он Converse-ын түүхэнд бас нэгэн чухал цаг үе байв. Нэг удаа сагсан бөмбөгч Чарльз “Чак” Тейлор Converse-ын дэлгүүрт орж ирээд, гутлаас болоод хөл нь аймшигтай өвдөж буй тухай гомдолложээ. Харин Конверс түүнд ажил санал болгов. Ингээд худалдагч, дараа нь элчээр ажиллах болж, АНУ даяар Converse кетийг сурталчлах аянд гарсан гэдэг. Нэлээд хожим 1932 онд Тейлорын нэрээр нэрлэгдсэн загвар гарсан нь өдгөө хэрэглэгчдийн хамгийн дуртай загваруудын нэг болсон Converse Chuck Taylor All-Star юм. Тейлор 1976 онд нас барах хүртлээ Converse компанид ажиллаж, хувь нэмрээ оруулжээ. Нэг сонин түүх дурдахад, 1962 онд NBA-ын тоглогч Уилт Чамберлейн Chucks кеттэй тоглож, NBA-ын тоглолтод 100 оноо авсан байдаг.
С.ЦЭЛМЭГ