-29 дүгээр сургуулийн Захирал Б.Батсайхан сургуулийн эзэмшлийн газраас бусдад шилжүүлсэн байжээ-
Ийгл телевизийн “Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг 29 дүгээр сургуульд бугшсан шударга бус үйлдэл, хүчирхийллийг ил болгож, бидэнтэй зэрэгцэн оршдог сонсголын бэрхшээлтэй иргэдийн “чимээгүй” ертөнцийг илүү таних, мэдрэх боломжийг нийгэмд олгож чадлаа. 2017 оны гуравдугаар сараас хойш хэл ам дагуулж эхэлсэн 29 дүгээр сургуулийн асуудал Монголын боловсролын тогтолцоо цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын чанар, стандарт хаана явааг ч дэлхийд харуулаад авлаа.
2017 оны гуравдугаар сарын 27-нд тус сургуулийн сурагчид сургуулийн удирдлага, багш нарын зүй бус үйлдлийг олонд ил болгох, сургалтын чанарын доголдол, 100% дохионы хэлээр боловсрол олгохыг шаардан Монголд анх удаа сурагчид хичээл хаялт зарласан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд өрнөж эхэлснийг та бид санаж байгаа бизээ. Төд удалгүй /2014 оны 4 –р сарын 5-ны өдөр/ 29 дүгээр сургуулийн эзэмшлийн газраас бусдад шилжүүлсэн байсан нь ил болж уг захирамжийг хотын дарга хүчингүй болгож байсныг харин бид мартсан байх.
29 дүгээр сургуульд үүсээд буй нөхцөл байдалд боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийж дүгнэлтээ гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр захирамж гаргаж тус сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн ч “Захирал Б.Батсайхан ажлаа өгөхөөс татгалзжээ” гэсэн мэдээлэл зарим нэг хэвлэлийн хуудаснаа харагдаж эхэллээ.
Б.Батсайхан захирал сургуульдаа үүсээд байсан нөхцөл байдалд дүгнэлт хийж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийн оронд өөрийгөө өмөөрөн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг доромжилж суусныг та бид харж байсан. Энэ үйлдэл нь Монгол улсын хэмжээнд ганцхан үйл ажиллагаагаа явуулдаг Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн захирал хүнд байх ёс суртахуун мөн үү?
Б.Батсайханы багш хүн, захирал хүнд байж болшгүй өөр нэгэн ноцтой баримт нь тус сургуулийн эзэмшил газраас бусдад шилжүүлсэн явдал юм. Сургуулийн сургалтын чанар, сурагчдын хөгжих, боловсрох нөхцөлдөө санаа тавихын оронд сургуулийн эзэмшлийн газраас бусдад таслан өгснөөрөө үг дуугүй ажлаа хүлээлгэн өгөх үндэслэл болно. Оройн дээд гэж хүндэлдэг ардын багш хүн албан тушаалаа ашиглан бусдад сургуулийнхаа эзэмшлийн газраасаа таслан өгч, бидний нийгмийн хамгийн эмзэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг элдэв үгээр хээв нэг доромжлоод суух нь шударга ёсонд нийцэх үү?
Цагдаагийн байгууллага сурагчдад бэлгийн дарамт үзүүлсэн эсэхийг шалгаж байгаагаас гадна сургуулийн эзэмшлийн газраас бусдад шилжүүлсэн энэхүү үйлдлийг мөн шалгаж байгаа гэж найдаж байна.
Б.Батсайхан та ажлаа хүлээлгэж өгөөд, шалгагдах ёстой байгууллагууддаа нэр төртэйгөөр шалгуулахыг хүсье. Таны үйлдэл бүрийн монголын бүх эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сэтгүүлчид харж байгаа шүү гэдгийг сануулъя.
Б.БАЯР