Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный руу дахин халджээ. Хэрэг өчигдөр /2017.04.27/ Москва хотын төв хэсэгт Олон улсын худалдааны төвийн хавьд болжээ. Алексей Навальный Global Event Forum хэмээх арга хэмжээнд оролцож үг хэлэхээр явж байжээ.
Нэгэн танихгүй эрэгтэй хүн түүний нүүр рүү ногоон өнгөтэй шингэн цацсан байна. Шингэн түүний нэг нүдэнд орсон учраас эмнэлгийн тусламж авахад хүргэжээ. Хэдийгээр өрөөсөн нүд нь боолттой байсан ч Навальный YouTube сувгаар дамжуулдаг шууд нэвтрүүлэгтээ оролцсон байна.
Навальныйтэй хамт явж байсан хамтран зүтгэгчийнх нь ярьснаар шингэн цацсан этгээд Навальныйг ойртон ирэхийг хүлээж байгаад, дөхөөд ирмэгц шингэнээ цацаад зугтаажээ. Сүүлд тогтоосноор халдагч этгээдийн зогсож байсан газрын ойр хавийн нэг ч хяналтын камер тухайн үед ажиллагаагүй байсан хэмээн цагдаагийнхан мэдээлжээ. Навальныйгийн хамтран зүтгэгчид цагдаагийнхны мэдээлэлд итгэхгүй байгаагаа Twitter хуудсандаа бичсэн байна.
Навальныйг өмнө бас нэг удаа ногоон шингэнээр “будаж” байсан юм. Энэ оны гуравдугаар сарын 20-нд Барнаул хотноо сонгуулийн штабаа нээхээр очих үед мөн түүн рүү ногоон шингэн цацаж байсан.
А.ТУЛГА