Иргэд түүхийн шинэ хуудсыг бүтээв

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

Иргэд түүхийн шинэ хуудсыг бүтээв

-Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү зөвлөлдөх санал асуулгаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх эцсийн шийдвэр гарахгүй, зөвхөн Зөвлөмж гарах юм-

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг УИХ-аас гаргасан. Ингээд өнгөрсөн амралтын өдрүүдэд Анхдугаар зөвлөлдөх санал асуулга явагдлаа. Энэхүү уулзалтад нийт санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 хүнээс 740 төлөөлөл оролцсон юм.

Эдгээр 740 хүнийг 15 гишүүнтэй 49 баг болгож, баталсан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Анхдугаар санал асуулга нийт зургаан сэдвийн хүрээнд өрнөсөн. Үүнд:

  • Сэдэв 1, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт- тэнцлийг хангах

  • Сэдэв 2, Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийн тодорхой болгох

  • Сэдэв 3, Засаг захиргаа нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх

  • Сэдэв 4, Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх

  • Сэдэв 5, Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах

  • Сэдэв 6, Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх

Дээрх зургаан сэдэв тус бүрийн товч танилцуулгыг иргэдэд өгсөн. Үүний дараа иргэд багаараа ярилцаж, асуулт боловсруулаад шинжээчдээс хариултаа авсан юм.

Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү зөвлөлдөх санал асуулгаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх эцсийн шийдвэр гарахгүй гэдгийг энд сануулах нь зөв болов уу. Өөрөөр хэлбэл Анхдугаар зөвлөлдөх санал асуулгаас Зөвлөмж гарах юм. Уг зөвлөмжийг гаргахдаа 740 иргэн санал асуулга бөглөнө. Тэдний бөглөсөн санал асуулгыг статистикийн ажилчид нэтгээд, маргааш буюу мягмар гаригт Зөвлөлдөх зөвлөлд хүлээлгэн өгөх нь. Иргэдийн бөглөсөн санал асуулгын дүнтэй Зөвлөлдөх зөвлөл танилцаад, Зөвлөмж гаргах аж.

Уг Зөвлөмжийг тавдугаар сарын 6 гэхэд Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна. Үүний дараа Байнгын хороо УИХ-д танилцуулна. Ингээд иргэн, УИХ, шинжээч, судлаачдын хамтарсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдах юм байна. Тэрхүү ажлын хэсэг нь иргэдийн санал, Ерөнхийлөгчийн санал, Улсын дээд шүүхийн санал, Үндсэн хуулийн цэцийн санал гэх мэт олон талын саналыг тусгасан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн заалт бүрийг УИХ-аар хэлэлцэнэ. Санал нэг бүр нь гишүүдээс 2/3 дэмжлэг авбал хуулийн төсөлд үлдэж, дэмжлэг аваагүй нь унах юм. Ингээд дэмжлэг авсан саналуудыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард иргэдээс асуух төлөвлөгөөтэй байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж