АНУ-ын тэргүүн хатагтайн 100 хоног

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэргүүн хатагтайн 100 хоног

Дональд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдох үед сэтгүүлчид түүний гэргий Меланиягаас ямархуу тэргүүн хатагтай болохоор төлөвлөж байна бэ гэж асууж байсан удаатай. Тухайн үед тэрбээр Жеки Кеннеди эсвэл Бетти Форд нар шиг тэргүүн хатагтай байхыг хүсдэг, гэхдээ сонирхлоо хэзээ ч алдахгүй гэж хариулсан.

Мелания Трамп экс тэргүүн хатагтай Мишель Обамаг бодвол харьцангуй идэвхгүй гэсэн шүүмжлэлд өртөж байв. Түүнийг шүүмжлэх нэг нь байхад, магтах нөгөө нь ч хүртэл байна. Гэвч Мелания Трамп ард түмний дунд АНУ-ын ерөнхийлөгчөөс илүү нэр хүнд, чансаа өндөр гэдгээ энэ 100 хоногт харуулж чадлаа.

ЦАГААН ОРДНЫ ХҮЛЭЭЛТ

Дональд Трамп АНУ-ын төрийн эрхийг бариад 100 хонож байна. Гэхдээ түүний гэргий Мелания болон бага хүү Бэррон нар одоогоор Цагаан ордонд албан ёсоор нүүж ирээгүй байгаа ажээ. Тэд Нью-Йорк хотод байрлах Трамп Тауэрт амьдарч байна. Тэргүүн хатагтай Мелания 11 настай Бэррон хүүгийнхээ хичээлийн энэ жилийг дуусгах шаардлагатай байгаа тул одоогоор Цагаан ордон руу яаран нүүх бодолгүй байгаагаа илэрхийлсэн. Энэ үйлдэл нь олон шүүмжлэл дагуулжээ. Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн гэргий болон түүний бага хүү Бэррон нарын аюулгүй байдлыг хангах үүднээс долоо хоног бүр 1 сая ам.доллар зарцуулдаг нь хэвлэл мэдээллийн бай болсон юм. Мөн Дональд Мелания хоёр тусдаа амьдарч байгаа нь тэдний хувийн амьдралд асуудал үүсэх болсон гэсэн шуугиан дэгдэх шалтаг болов. Гэхдээ үүний хариуд Тэргүүн хатагтай хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм олон нийтэд хандахдаа “Мелания өөрийн эх орондоо итгэдэг, хэнээс ч хэзээ ч хараат байгаагүй. Тэр цаашид тэргүүн хатагтайн үүргээ нэр төртэй, шударга биелүүлэх болно. Мелания хүүгийнхээ хичээлийн энэ жилийн дуусмагц, зунаас Цагаан ордонд ирнэ” гэж мэдэгдэв.

ТЭРГҮҮН ХАТАГТАЙН ҮҮРЭГ

Мелания Цагаан ордонд албан ёсоор нүүж ирээгүй байгаа ч АНУ-д өндөр дээд түвшний айлчлал болох үед тэрбээр тэргүүн хатагтайн үүргээ нэр төртэй биелүүлж байна.

  • Мелания Вашингтонд Иорданий хаан Абдалла II болон түүний гэргий Ранияг угтав

  • БНХАУ-ын дарга Си Зиньпины гэргий Пэн Лиюаньд америкийн түүх, соёлын үндэсний музейг сонирхуулав

  • Японы ерөнхий сайд Шинзо Абэн гэргий Акиэ Абэд Флоридад орших Мориками музейг үзүүлсэн

  • Израйль болон Аргентинийн ерөнхийлөгч нарын гэргий нартай танилцаж, хуурч хөөрөв

Үүнээс гадна хатагтай Трамп АНУ-ын мужийн захирагч нарын уламжлалт хүлээн авалтад идэвхтэй оролцсон бөгөөд Цагаан ордонд улаан өндөгний баярын тохиолдуулан хүлээн авалт зохион байгуулсан. Энэ цаг мөчөөс эхлэн АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн түүнийг сайшаах болжээ. Тухайлбал, “The Washington Post” сонин бүх зүйл ямар нэгэн саадгүй болж өндөрлөлөө гэж “Улаан өндөгний баяр”-ыг дүгнэсэн бол “The New York Times” бүрхэг, бороотой өдөр байсан ч баярын уур амьсгал маш сэтгэл хангалуун, Трампын гэр бүл аз жаргалтай харагдаж байна гэв.

Мөн Мелания Дональдын хувьд юутай ч зүйрлэмгүй туслах нь гэдгээ харуулж чадсан. Тэрбээр төрийн дуулалын үед Дональдад хэрхэн бие авч явах талаар сануулж амжжээ.

https://www.youtube.com/watch?v=JJiQjfUWza0

ТЭРГҮҮН ХАТАГТАЙН БАГ

Мелания Цагаан ордонд энэ зун нүүж ирэхээр төлөвлөж байгаа гэдгийг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Иймээс түүнд зориулан Цагаан ордны зүүн жигүүр тусгай өрөө бэлджээ. Үүнтэй холбоотойгоор Цагаан ордон энэ жил гуравдугаар сарын эхэн хүртэл олон нийтэд хаалттай байлаа.

Мөн тэргүүн хатагтай өөрийн багаа урьдчилсан байдлаар бүрдүүлж эхэлжээ. Одоогоор тэрбээр таван туслахтай байхаар төлөвлөж байна. Экс тэргүүн хатагтай Мишель Обама 24 туслахтай байжээ.

Хатагтай Трампын багт Линдси Рейнолдс удирдах албан тушаал хашина. Тэрбээр Жорж Бушийн засгийн үед Цагаан ордонд ажиллаж байсан туршлагатай. Рейнолдс тэргүүн хатагтайн болон түүний оффисын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үүргийг гүйцэтгэнэ.

Мелания Трамп өөрийнхөө хэв маягийг алдахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Энэ ч үүднээс тэрбээр Цагаан ордны өөрт нь зориулсан өрөөг засварлахаар болжээ. Дизайнераар нь сонгодог загвараар алдартай Тэм Канналихам ажиллаж байна.

Тэргүүн хатагтай хувийн нарийн бичгээр Анна Кристина “Рики” Ллойд томилогдсон байна. Тэр тэргүүн хатагтай санаачилсан хүлээн авалт, олон нийтийн болон улс төрийн арга хэмжээ зохион байгуулах үүрэгтэй. Ллойд нь энэ чиглэлд маш их туршлагатай гэж Трампын гэр бүл үзэж байгаа ажээ. Тэрбээр АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарын тангарагын ёслолын хүлээн авалтыг зохион байгуулж байсан туршлагатай.

ӨӨРИЙГӨӨ ХАЙЖ БАЙНА

Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх үед Мелания бусад тэргүүн хатагтайн адил уламжлалыг дагах болно гэж мэдэгдэж байсан. Тэрбээр улс төрийг нөхөртөө үлдээж өөрөө цахим ертөнц дэхь гүтгэлэгтэй тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Гэвч одоогоор Мелания энэ чиглэлд ямар нэгэн зүйл хийгээгүй байна.

Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарлаа хандуулж байна. Гэхдээ түүний олон нийтэд хандаж байсан илтгэлээс харахад энэ сэдвээр маш бага дуугарч байв.

“Эмэгтэйчүүд болон хүүхдүүд рүү чиглэсэн хүчирхийлэлийн эрин үе дуудсан гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин даян дэлхийд тэдний оролцоог хангах цаг ирсэн” хэмээн хатагтай Трамп мэдэгдэж байв.

Үүнтэй холбоотойгоор Мелания Цагаан ордонд олон улсын эмэгтэйчүүдийн баярын тохиолдуулан хүлээн авалт зохион байгуулжээ. Энэ үеэр тэрбээр тэгш эрх, үг хэлэх эрх чөлөөний үнэ цэниййг хэнээс ч илүү ойлгож байгаа гэдгийг тодотгосон ажээ.

Мелания Трамп нөхөр шигээ сошиал ертөнцийг идэвхтэй ашигладаггүй. Гэхдээ тэр өөрийн хувийн хэштег болох #PowerOfTheFirstLady дор жиргэдэг ажээ.

БУСДЫН ХАРАА ДОР

Меланиягийн цахим ертөнц дэх идэвхитэй байдлыг зарим нэг хэрэглэгчид шоолж, түүнийг хүүхэлдэйн баатар эсвэл сурталчилгааны үг хэлллэгтэй харьцуулдаг байв. Үүнээс гадна тэд Мелания өөрийн чансаагаа өсгөхийн тулд сошиалд идэвхтэй байна хэмээн шүүмжилдэг. Хэвлэл мэдээлэл болон цахим ертөнцийнхөн хатагтай Трампыг өдөр шөнөгүй шүүмжилж, гүтгэдэг байв. Тэд түүнийг загвар өмсөгч байхдаа чинээлэг үйлчлүүлэгч нарт тусгай үйлчилгээ үзүүлдэг байсан гэсэн нийтлэл Daily Mail сонин 2016 оны наймдугаар сард нийтлэгджээ. Гэхдээ тэл эцэст нь хатагтай Трампаас уучлалт гуйсан. Түүнийг хамгийн их шүүмжилж, доромжилдог байсан “ The New York Times” сонины сэтгүүлч Жейкоб Бернштайн нийтлэлийнхээ төлөө 3 сая ам.долларын торгууль төлж, Меланиягаас уулчлалт гуйж байсан удаатай.

Ерөнхийлөгчөөс илүү чансаа өндөр Тэргүүн хатагтай

Судалгаанаас харахад Меланиягийн чансаа маш эрчимтэй өсч байна. АНУ-ын ерөнхийлөгчийн тангарагын ёслол болох хүртэл америкийн ард түмний 39 хувь нь түүнийг хүлээн зөвшөөрч байсан ч өнөөдөр тэдний 52 хувь нь Меланияг сайшаах болжээ.

“Gallup” судалгааны үр дүнд Мелания Трамп чансаагаараа нөхрөөсөө ч илүү ард түмний хайрыг татаж байна. Улмаар Бүгд Найрамдах Намын гишүүд Дональдыг эхнэрийхээ зөвлөгөөг сонсох хэрэгтэй хэмээн хошигнож байжээ.

Тэргүүн хатагтай Словениас гаралтай. Иймээс нутгийнхан ард түмэн тэргүүн хатагтай нэрээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Мелания энэ төрлийн бараа бүтээгдэхүүний сурталчилгаанд онцгойлон хандахыг хуульчаасаа хүссэн байна.

Мелания Трамп үслэг эдлэл, том алмазан шигтгээтэй бөгж, урт бээлий зэрэгт дуртай. Иймээс ч түүнд амьтны эрхийг хамгаалагч Памела Андерсон ОХУ-д үйлдвэрлэгдсэн эко үслэг эдлэл бэлэглэжээ. Тэрбээр тус шубыг тэргүүн хатагтайд тусгайлан зориулан оёсон бөгөөд Мелания цаашид үслэг эдлэлээс татгалзаж, бусдад үлгэр дурайлал болоосой гэдэг үүднээс ийм бэлэг барьсан хэмээн тайлбарлажээ.

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж