“Үндсэн хуульд цаг үеийн сэтгэлгээний инерц тусна”

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

“Үндсэн хуульд цаг үеийн сэтгэлгээний инерц тусна”

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулга амралтын өдрүүдэд Төрийн ордонд болж өндөрлөлөө. Зөвлөлдөх санал асуулга болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Үндсэн хууль судлаач, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Ламжавтай ярилцлаа.


-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн хэдэн жил ярьж, судалж ирсэн ч энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг чухалчилж, Зөвлөлдөх санал асуулгыг хийлээ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ

-Бид 1999-2000 онд нийгмээсээ нууж, дордохын долоон өөрчлөлт хийсэн нь гашуун туршлага байсан. Тэнд сайн өөрчлөлт орсон гэдгийг ярихаас өмнө нийгмээсээ нууж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь хамгийн том алдаа. Ингэж долоон өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн зүйл заалтыг буруу, зөв байсан гэж хэлэхэд хэцүү байдаг. Улс төрийн нөхцөл байдал тодрох үед энэ долоон өөрчлөлтийг нийгмээсээ нууж хийсэн нь илүү их тодордог, одоо ч тийм байна. Харин энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард түмнээсээ санал асууж, эцсийн дүндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ ард түмнээсээ асууж байж шийдэхээр болж байна. Өөрөөр хэлбэл, олон үе шаттайгаар нийтээсээ, нийгмээсээ асууж Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах алсын харааг барьж ажиллаж байгаа гэж эрх баригчдад итгэж байна. Үндсэн хууль бол ард түмэн ирээдүйн төртэйгээ байгуулсан гэрээ юм гэдэг зарчмыг хүндэтгэн сахиж байгаа нь маш зөв хандлага гэж бодож байна. Харин цаашид яг зарчмаараа цаашид батлагдах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг бид ажиглах л үлдэж байна.

-Зөвлөлдөх санал асуулгын эхний шатанд 1750, дараагийн шатанд 785 хүнийг түүврийн аргаар сонгож оролцуулсан. Нөгөө талдаа энэ түүврийн аргаар сонгогдсон хүмүүс нийт ард түмнийг төлөөлж чадахгүй гэх шүүмжлэлийг хэлэх хүмүүс бас байна

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсэг Үндэсний статистикийн хороотой хамтран математикийн онолыг амьдрал дээр хэрэгжүүлж, энэ хүмүүсийг сонгосон. Түүврийн аргаар сонгож байгаа нь онолын бүрэн үндэслэлтэй гэдэгт би итгэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэх анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын хуулийн дагуу байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөлийн зүгээс ч оролцогчдын хэрхэн сонгосон, ямар журмаар явуулсан гэх зэрэг олон нийтэд ил болох талаас нь Зөвлөлдөх зөвлөл маш хяналттай ажилласан гэж бодож байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа илүү их мэдээлэл сайтай, мэдлэгтэй хүмүүсийг сонгох ёстой байсан. Санамсаргүй сонголтод мэдээлэлгүй, бичиг үсэггүй хүмүүс ч сонгогдсон байгаа нь буруу гэдгийг ажиглагч намуудын төлөөлөл хэлж байсан.

-Хүмүүс юм мэдэхгүй байж болно. Гэхдээ хүмүүс өөрийнхөө эргэн тойрон, орчинд нь болж байгаа зүйлсийн талаар хэзээ ч буруу төсөөлөлтэй байдаггүй. Үндсэн хууль шиг том асуудалд хэрэгжиж байгаа байдлын тусгалыг энд сонгогдсон хүмүүс сайн мэдэж байгаа. Энэ мэдрэмж бол маш чухал зүйл учраас хүмүүсийг ойлгож чадах асуудал, ойлгож чадахгүй гэх ойлголт Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд байж болохгүй. Заавал мэддэг хүмүүсийг авчраад ярих зайлшгүй шаардлагагүй гэсэн үг.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой гэдгийг маш удаан ярьж буй. Энэ удаагийн Үндсэн хууль өөрчлөх эсэх асуудалд Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг байх асуудлыг тодотгож оруулж ирсэн байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хоёр өдрийн хуралдааны дүнг нэгтгэж, Зөвлөлдөх зөвлөл УИХ-д зөвлөмж хүргүүлнэ. Зөвлөлдөх зөвлөл нарийн ширийн асуудлыг нягтлах, иргэдийн саналыг тусгасан зөвлөмж гаргах байх. Засгийн газарт өөрт нь оногдсон гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд нь хүрэлцэхүйц эрх мэдэл олгоё гэдэг санал гаргасан. Гэхдээ энэ бол хэтэрхий их эрх мэдэл олгоё гэсэн үг биш юм. УИХ-ын зүгээс баримталж байгаа бодлого юм. Харин хоёр танхимтай парламенттай болох зэрэг асуудлыг УИХ бодлого болгож оруулж ирсэн гэж бодохгүй байна. УИХ-аас анхдугаар зөвлөлдөх уулзалтад оруулж ирж байгаа саналууд бол нийгэмд, тодорхой бүлгүүд хүчтэй ярьж, шүүмжилж байгаа асуудлаар ард түмний санаа бодлыг тандах зорилготой оруулж ирсэн гэж бодож байна. Тиймээс зөвлөлдөх санал асуулгад оролцож байгаа хүмүүс маш анхааралтай хандаж, шийдвэрээ гаргасан гэж бодож байна.

-Зарим хүн Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Ялангуяа улс төрийн хүрээнд энэ асуудлыг хөндөж байсан. Ерөнхийлөгчийн засаглалтай болох боломжтой юу

-Ерөнхийлөгчийн засаглалтай, хоёр танхимтай болох зэрэг нь Үндсэн хууль шинээр найруулж бичих хэмжээний асуудал. УИХ ч тийм бодлого бариагүй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулснаар эцсийн шийдвэр гарах учраас харах, хүлээх шаардлагатай байна.

-Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн олонх бүрдсэн ийм цаг үед оруулж ирж байна. Харин бидний хүсч байгаа тэр өөрчлөлтүүдийг хийж чадах болов уу, та хэр итгэлтэй байна вэ

-Бид өмнө нь алдаа гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, бидэнд гашуун туршлага бий. Би Үндсэн хууль баталсан депутатуудын нэг. Тухайн үед Үндсэн хуульд хойшид, ирээдүйд хэрхэн үйлчлэхийг тааварлахад бэрх байсан. Тэгэхээр тухайн цаг үеийн сэтгэлгээний инерц тусна. Одоогийн өөрчлөлтөд ч цаг үеийн сэтгэлгээний инерц тусах учраас хойч үед таалагдахгүй зүйлс гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.

-Зөвлөлдөх зөвлөл анхдугаар хуралдааны дүнг нэгтгэж, зөвлөмжөө УИХ-д хүргүүлнэ. Цаашид ямар процесс үргэлжлэх вэ

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процессыг парламент гуравны хоёрын дэмжлэгтэйгээр баталдаг. Ард нийтийн санал асуулга ч гуравны хоёрын дэмжлэгтэйгээр баталсны дараа Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулна. Ард иргэдийн олонх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзвэл шууд өөрчлөлт орно гэсэн үг.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж