Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх нь МАН-д л муу нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх нь МАН-д л муу нөлөөтэй

О.БААСАНХҮҮ: ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ НЬ АРДЫН НАМД Л МУУ НӨЛӨӨТЭЙ

Өмгөөлөгч О.Баасанхүүг “Ярилцах танхим”-даа урилаа.

-МАХН хэмээх нэрийг Н.Энхбаярт өгөх эсэх нь эргэлзээтэй байх үед та
түүний хуулийн зөвлөхөөр ажилласан. Яагаад МАХН-ын хуулийн зөвлөх хийх
болсон юм бэ?

-Би Ц.Шинэбаяр гишүү­нийг Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хур­­лын
тэргүүн байх үеэс нь мэддэг байсан. УИХ-ын ги­шүүн болсны дараа нь
тойргын сонгогчдод холбогдох тус­лалцаа хүссэн асуудлыг ший­дэхэд нь
тусалдаг бай­лаа. Түүнээс хойш найз нөх­дийн харилцаатай болсон юм.
МАХН-ын Түр штабыг байгуулж, Ц.Шинэбаяр ги­шүүн, Н.Энхбаяр нарын хүмүүс
МАХН хэмээх нэрийг үргэлжлүүлэн хэрэглэж, нам­­тай болох гэж байгаа
ту­хай хэвлэл мэдээллийн хэ­рэгслээр дамжуулж мэдсэнээр тэдэнтэй хамтран
ажиллаж, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр шийд­сэн юм. Нөгөөтэйгүүр аав
маань олон жилийн турш МАХН-ын гишүүн байсан. Би жолооч хүний хүүхэд л
дээ. Аав маань баазад жолооч, ээж түүхий эдийн баазад нормын ажил хийдэг
байлаа. Тухайн үед тэд маань намын гишүүнээр элсэхийн тулд маш олон
шалгуурыг хангаж байж гишүүн болцгоосон. Бас намаасаа арга хэмжээ
авахуулаад сэтгэлээр унаж байхыг нь би харж өссөн. Монгол улс олон намын
тогтолцоотой болсон хойно ч тэр үеийн олон ч хөгшчүүл МАХН-д үнэнч
хэвээрээ байсан. Нэг найз маань “Нам нэрээ сольчихсон чинь аав сэтгэлээр
унаад байх боллоо” гэж хүртэл тоглоом шоглоомын хооронд хэлсэн удаатай.

Ер нь хууль зүйн үүднээсээ зөв, шударга, хууль ёсны дагуу жишиг тогтох
ёстой гэсэн итгэл үнэмшлээр би Ц.Шинэбаяр гишүүнд “Нэг нам нэрээ солиход
гишүүд нь хуучин нэрийг нь сэргээж, тусгаарлах эрх, хууль ёсны үндэслэл
бий” гэдгийг хэлж хандсан юм. Миний тайлбар Ц.Шинэбаяр гишүүний үзэл
бодолтой таарснаар гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн.

-Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нартай анхнаасаа хамтарч ажилласан хүмүүс тэднээс
зайгаа барьж эхэлсэн. Гэтэл Ц.Шинэбаяр гишүүн ч гэсэн тэдэнтэй ижилхэн
хандлага гаргах болсныг анхнаасаа тэдэнд намын бүртгэлийн асуудлаар
хууль зүйн туслалцаа үзүүлсэн хүний хувьд та юу гэж харж байна вэ?

-Би нэгэнт хуульч хүн учир МАХН-ын дотоод асуудалд оролцоод байдаггүй.
Харин ч мэргэжлийн өндөр түвшинд өмгөөлөгчийн ёс зүйг сахин ажиллах
ёстой. Гэхдээ энэ хүмүүс анхнаасаа шударга ёсыг бий болгож, МАН, АН-г
саринуулахын төлөө нэгдсэн. Мэдээж нэг зорилготой боловч хүн бүр л өөр
өөрийн үзэл бодолтой шүү дээ. Тиймээс үзэл бодлын зөрчилдөөний улмаас
янз бүрийн яриа гарч байгааг үгүйсгэхгүй. Нөгөө талын зүгээс бас зүгээр
суухгүй байгаа л даа. Өөрөөр хэлбэл, хүмүүс үзэл бодлоороо ялгараад
түүнийгээ илэрхийлэх төдийд хариу уран тоглолт хийж байгаагаас л
хоорондоо муудалцаад, хагараад байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байгаа юм.
Үнэндээ энэ хүмүүс хоорондоо муудалцсан, хагаралдсан зүйл огт байхгүй
шүү дээ. Ю.Атартай уулзахад “Би МАХН-ын гишүүн хэвээрээ. Нарийн бичгийн
дарга хиймээргүй байна” гэж байсан. Ц.Шинэбаяр гишүүн ч ялгаагүй “Дэд
дарга хийхгүй л болохоос МАХН-ын гишүүн хэвээрээ” л гэсэн. Нам дөнгөж
байгуулах үед дотоод зохион байгуулалт, аж ахуйн шинжтэй ажлууд маш их
учир УИХ-ын гишүүний ажлаа хийж, улс төрийн тэмцлийн ажлыг чухалчилхаар л
шийдсэн юм билээ.

-“Н.Энхбаярыг эмчилгээ хийлгэж байх хооронд Ц.Шинэбаяр араар нь тавилаа” гэсэн яриа гарсан. Яг тухайн үед юу болсон юм бол оо?

-Үнэн хэрэгтээ цаг хугацааны хувьд энэ үйл явдлууд давхцсан нь ийм
төрлийн сул яриа гаргахад хүргэсэн юм шиг байгаа юм. Тухайн үед намын
гишүүд Ц.Шинэбаяр гишүүнд хамтдаа байгаагийн хувьд даргыг өвчтэй байхад
ийм үйлдэл хийвэл МАН, АН-ынхан тоглолт хийж магадгүй тухай сануулсан
гэсэн.

-Хэдийгээр та ингэж хэлж байгаа ч гэсэн Ц.Шинэбаяр гишүүнийг “Хамуг
Монгол” нам байгуулах бэлтгэл ажлаа хийж байна” гэж хардах хүн цөөнгүй
байгаа.  Өөрөө ч үүнийг үгүйсгээгүй шүү дээ. Хэрэв Ц.Шинэбаяр гишүүн нам
байгууллаа гэхэд та МАХН-д үлдэх үү, Ц.Шинэбаяр гишүүнийг дагах уу?

-“Хамуг Монгол” гэдэг нам байгууллаа гэхэд МАХН-тай ижилхэн
зорилготойгоор МАН, АН-ын эсрэг л зогсох байх гэж бодож байна. Өөр, өөр
замаар явлаа гэхэд зорьсон зорилго нэгтэй. Тиймээс шударга нь хаана
байна тэр талд л зогсоно.

-МАХН-ын хуулийн зөвлөх болсноор та хүссэн, хүсээгүй улс төрд оролцож
эхэлсэн болохоор цаашид хэрхэхийг чинь сонирхож дээрх асуултыг асуусан
юм. Таныг Н.Энхбаяр даргад Ц.Шинэбаяраас илүү нааштай гэж сонссон юм
байна? 

-Би өөрийгөө улс төрд орсон гэж бодохгүй байна. Миний бодлоор улстөрийн
шийдвэр гаргах эрх хэмжээтэй болж байж улс төрийн оролцооны тухай ярих
нь зохистой байх. УИХ-ын гишүүд эрх мэдэл хэрэгжүүлдэг учир улс төр
хийдэг. Харин бусад жирийн иргэд, хүмүүс улс төрийг өөрсдийн амьдралд нь
хамаатай шийдвэр гаргах гээд байгаа учир харин хүссэн хүсээгүй
сонирхоход хүрдэг шүү дээ. Хүргэдэг ч гэж хэлж болох юм. Н.Энхбаяр
даргыг өмнө нь би огт мэддэггүй байсан. Харин МАХН нэрийн бүртгэлийн
явцад ажил хэргийн шугамаар харилцаж мэддэг болсон.

-Ардын намынхан Дээд шүүх хууль зөрчиж МАХН нэрийг Н.Энхбаярт
олгосон гэсэн байр суурь дээрээ хэвээрээ байгаа гэсэн. Амралтын хугацаа
дуусахаар энэ асуудлыг дахин сөхнө гэж байсан. Энэ асуудал эцэслэн
шийдэгдээгүй гэж үү?

-Хуулиа л харах хэрэгтэй л дээ. Ардын намын дүрэмд хуулийг дээдэлнэ гэж
байгаа. Харин хуульд юу гэж заасан байдаг вэ гэвэл “Улсын Дээд шүүхийн
шийдвэр эцсийнх байна” гэсэн байдаг. Мөн Улсын Дээд шүүх Улс төрийн
намын тухай хуулийг баримталсны үндсэн дээр намын нэрийг бүртгэж байгаа
нь ойлгомжтой. Аливаа шийдвэр хэн нэгэнд таалагдаж гарах ёсгүй. Харин
хууль ёсны байх ёстой. Намын дотоод асуудал хуулийг тодорхойлдог юм биш.
Энэ асуудал дээр маргаан үүсгээд явах нь Ардын намд л сөргөөр л
нөлөөлнө. Яагаад гэвэл  ард түмэн Ардын намыг хуулиа дээдэлдэг үү,
хуулийн эсрэг явдаг нам уу гэдгийг мэдэж авахад хүрнэ  шүү.

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа аваагүй учир Улсын бүртгэлийн
тухай хуулийг зөрчиж, МАХН хэмээх нэрийг авсан гэсэн тайлбар хийж
байгаа шүү дээ. Лавлагаа авсан юм уу?

-Хуулийн этгээдийн хэд хэдэн төрөл байдаг юм. Үүнд шашны, төрийн бус
байгууллагууд, ашгийн төлөө компани эцэст нь нам гэх мэт. Компани,
төрийн бус байгууллагын нэрийн зөвшөөрлийг Улсын бүртгэлийн ерөнхий
газраас олгодог. Харин гадаадын төрийн бус байгууллагын хувьд Гадаадын
иргэн харьяатын алба дээр бүртгэж, энд тэндээс ямар нэгэн нэрийн
зөвшөөрөл авдаггүй. Шашны байгууллагын нэрийг Улсын бүртгэлийн ерөнхий
газраас авч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үйл ажиллагаа явуулах эрхийг
нь өгдөг. Нам бол зохион байгуулах хурлаараа нэрийн бүртгэлээ аваад,
намаа бүртгүүлчихээд энэ нэр маань давхардсан уу, үгүй юү гэдэг
лавлагааг авдаг.  Гэтэл Ардын намынхан нэр авах үйл явцыг компани,
төрийн бус байгууллагатай ижилхэн гэж ойлгоод нэрийн зөвшөөрлийг Улсын
бүртгэлийн ерөнхий газраас авах байсан гэж яриад байсан юм. Тэгэхэр нь
бид үүн дээр нь тактикийн тоглолт хийсэн юм.

-Ямар тактик хэрэглэсэн гэж?

-Биднийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт яваад очиход МАХН гэсэн товчлол
бүхий 76 нэр авсан онигоо шиг тохиолдол гарсан шүү дээ. Үнэхээр л МАХН
хэмээх нэр Ардын намын өмч байсан юм бол нөхөд өмчөө олон хувилбарт
хийсэн тэр зургаан хүнтэйгээ эхлээд хариуцлага тооцох ёстой биз дээ. Тэр
өмч гээд байсан нэрээр нь хэдэн нөхөд тоглоод, өчнөөн хувилбараар
өөрчилчихсөн байхад тэдэнтэйгээ ярихгүй байж, хууль ёсоор 801-ээс дээш
хүн хуралдаад намынхаа нэрийг сонгоод давхацсан байна уу гээд лавлахад
“Бидэнд товчлол нь давхардсан 100 ширхэг нэр байна. Гэхдээ энэ нэрэн
дотор байхгүй. Харин бүртгэл авах гэсэн намын нэрийн лавлагааг Улсын
Дээд шүүхээс ав” гэсэн хариулт өгч байсан юм. Харин тэр лавлагааг бид
Улсын Дээд шүүх дээр барьж очоод “Үүн дээр байгаа 100 нэртэй адилхан
нэрээр бүртгэгдсэн намын нэр байна уу” гэхэд тэр нэр нь байхгүй гэсэн
хариу өгч, бүх зүйл хуулийн дагуу болсон. Хууль хүн болгонд тэгш үйлчлэх
ёстой.

-МАХН-д гүйцэтгэх таны үндсэн үүрэг биелсэн гэж ойлгож байна. Тэгэхээр одоо МАХН-д ямар үүрэгтэй ажиллаж байна вэ?

-Намын бүртгэлийн асуудал бол дууссан. Одоогоор дотоод үйл
ажиллагаатайгаа холбоотой асуудлаар надаас албан бусаар зөвлөгөө авч
байгаа. Тухайлбал, саяхан Н.Удвал дарга надтай уулзаад шинэ байрны гэрээ
байгуулах тухайгаа дуулгасан. Тэгэхэд нь би Н.Удвал даргад “Ардчилсан
ёсоо яриад, хуулиа бариад Скандинавын орнууд шиг, АНУ шиг хөгжихийг
хүсвэл Ардчилсан ерөнхийлөгчид хүсэлт тавих юмсан” гэж хэлсэн.

-Ямар хүсэлт тавих тухай ярьсан юм бол?

-Тусгаар тогтнолын болон Ардчиллын гэсэн хоёр ордон сүндэрлэж байна. Энэ
бол намын байр биш шүү дээ. Тиймээс энэ хоёр ордонг улс төрийн,
нийгмийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд чөлөөтэй ашиглаж болох
хууль санаачилж, дүрэм боловсруулаач гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгчид
хүргүүлье гэж бодоод байгаа юм. Бүх намууд хуулийн этгээд учир тэгш
эрхтэй. Үүнээс гадна ард түмэн улс төрийн үйл ажиллагаа явуулдаг
байгууллагынхантай нэг дороос уулзаж чадах юм. Тэгэхгүй бол энэ
орднуудын аж ахуйн зардлыг хэрхэн шийдэх нь ч ойлгомжгүй байгаа биз дээ.
Өмнө нь ардын намынхан хуучин байрныхаа нэг хэсгийг архины мухлагт
түрээслүүлсэн байгаад долоодугаар сарын 1-ны үед хүмүүс архидан
согтуурах нөхцөл үүсч, байдал улам хурцадсан. Тиймээс энэ аж ахуйн
зардлыг нөхөхийн тулд төр өмчийг мэдэлдээ аваад олон нийт, улс төрийн
байгууллагын өмчийн тухай хууль гэж санаачилж яагаад болохгүй гэж. Энэ
ордонуудыг барихад төрөөс дэмжлэг үзүүлсэн гэж би сураг дуулсан. Үнэхээр
л дэмжлэг үзүүлсэн юм бол төр эрх мэдэлтэй баймаар байна шүү дээ. Ингэж
чадвал намын санхүүжилт, намын хандив гэсэн асуудал үгүй болж, улс
төрийн намууд тэгш эрхтэй байж чадна. Тэгэхгүй бол хандив нэрийдлээр
баахан мөнгө авчихсан намууд чинь яаж ч чадахгүй байдалтай байна. “Хүний
юм авсан хүний гар зөөлөн, хүний юм идсэн хүний ам зөөлөн байдаг” гэдэг
мэргэн үг байдаг байх аа.

-Таны ярианаас намууд өөрсдийн эрх ашигт нийцсэн байдлаар хуулийг
тайлбарладаг гэсэн өнгө аяс цухалзаж байна. Яг үүнтэй ижил шалтгаанаар
“Сүүдрийн парламент”-ынхан “Улсын Дээд шүүхэд хандсан. Үүнийг юу гэж
дүгнэж байна вэ?

-Улсын Дээд шүүх баталсан хуулийг л бодитой, бие даан тайлбарлах эрхтэй.
Харин хэн нэгний эрх ашигт нийцүүлэх, бодлогын тайлбар хийхгүй. Үндсэн
хуулийн Цэцээс ч бодлогын тайлбар хийхгүй. Бодлогын тайлбарыг хууль
баталсан хүмүүс хуулийнхаа хэрэгжилтийг хангах үүднээс хийх нь бий.
Тэгэхээр энэ бол Улсын Дээд шүүхийн тайлбарлах асуудал биш.

-”Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн өөрийг тань өмгөөлөгчөөрөө авах тухай яриа гарсан байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-”Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн гэж ойлгож болохгүй, Долоодугаар сарын
1-ний хохирогч З.Энхбаяр болон түүний гэргий надад хүсэлт тавьсан юм.
Нөгөө талаас тэдний өмгөөлөгч хоригдож байгаад санаа зовсны үндсэн дээр
очиж уулзсан. “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн үйл ажиллагаатайгаа
холбогдуулан надтай уулзсан хэрэг биш л дээ. З.Энхбаяр гэдэг хүн бол
долоодугаар сарын 1-ний хэргийн хохирогч. Хүүхэд нь харамсалтайгаар
эндэж, эцэг эх хохирогч болоод үлдсэн. Энэ байдал  Хохирогчийн эрх, ашиг
болон гэрчийг хамгаалах хууль хэрэгтэй байгааг харуулж байна. Хохирогч
хохироод л үлддэг жишиг тогтчихоод байгаа нь үнэн. Харин төр бол
торгууль, ял эдлүүлэх хэлбэрээр хохирлоо төлүүлчихэж байна.

-Английн шүүхээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны
дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Үүнийг Монгол
Улс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Та хуульч хүний хувьд үүнийг юу гэж
дүгнэж байна вэ?

-Ер нь тодорхой хэмжээний дипломат гаргалгаануудыг хийж Б.Хурцыг эх
оронд нь авчрах ёстой. Гэхдээ Б.Хурцтай хамт ажиллагаанд оролцож байсан
хүмүүсийн тоо, мэдээллийг хэвлэл мэдээллээр гаргахгүй байх ёстой. Энэ
чинь улсын нууц задарч байна гэсэн үг. Тиймээс тодорхой хугацаанд
хадгалагдах ёстой улсын нууцыг задлахгүй байхыг анхаарах ёстой. Нууцын
зэрэглэлээс нь гаргачихсан бол хамаагүй байхсан. Английн шүүх өөрсдийн
тоглолт хийгээд л нэг шийдвэр гаргахад бид сөргүүлээд тайлбар хийх
шаардлагагүй.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж