Монголын Үндэсний Олимпийн хорооны /МҮОХ/ шинэчлэн байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнгөрөгч долоо хоногт боллоо. Тус хуралдаанаар 2017-2021 оны стратеги болон энэ оны ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцсэн баталсан. Мөн энэхүү хурлаар МҮОХ-ны гишүүдийн хурлыг тавдугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар болжээ. Харин "Токио-2020" Зуны олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадмын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюушийг тус тус сонголоо.
Сануулахад, МҮОХ-ны VII чуулган гуравдугаар сарын 24-д зохион байгуулагдсан. Чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр доктор Д.Загдсүрэнг улируулан сонгосон бол Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгчөөр Д.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Бадар-Ууган сонгогдсон.
Ч.БОЛОР