Тэгэхээр хоригдол хөвгүүдэд онцгой гэмээр авьяас байгаа нь лавтай. Блокон хашааг дуу гаргахгүй нурааж, үүрэг хүлээсэн харуулын чихийг тэрхэн хоромд дүлийрүүлж дөнгөсөн гэхээр тэр л дээ. Тэр ч бүү хэл “Танайхаас хоригдол оргосон юм уу?” гэх сэтгүүлчийн асуултад тэд “Үгүй” хэмээн хариулсан байгаа юм. Энэ үнэхээр онцгой тохиолдол шүү. Ийм чадварлаг оргодлууд ер нь манай улсын түүхэнд битгий хэл дэлхийд бас их ховор л байдаг байх. Мэдээж кинон дээр шоронгийн чулуун ханыг нүхэлж, зугатах нь хэвийн үзэгдэл болсныг эс тооцвол шүү дээ. Иймд оргодол хөвгүүдийг “Авьяаслаг монголчууд” шоунд оролцуулж, хөөрхий юу ч мэдэрдэггүй тэр харуулуудыг нь хөгжөөн дэмжигчээр нь бүртгэвэл та бид үзээгүйгээ үзэх юм биш үү.
Дээр нь, оргодол хөвгүүдийг “Хүүхдүүд учраас аюултай гэж бодохгүй байна” хэмээн санаа амар ярилцлага өгөөд сууж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан, дэслэгч Х.Баясгаланг шоуны шүүгчээр хүндэтгэн өргөмжилмөөр. Мань мэт бодохдоо “За, хулгайн хэрэгтэй нь ч яах вэ. Хүний амь насанд хүрэхгүй шиг хулгайгаа хийгээд явбал барав. Харин тэр хүчингийн гэмт хэрэгтэн юу хийх бол доо” гээд эмээж суухад Х.Баясгалан дэслэгч ёстой л уужуу тайван сэтгэлтэй нэгэн аж. Иймд “Монголын тал нутаг яасан уужуу юм бэ” хэмээн дуулж байхаар “Х.Баясгалан дэслэгчийн үг ерөөл хураах болтугай” гээд дор бүрнээ залбирч суувал яасан юм бэ. Хоригдол нь адтай, харуул нь хааш яаш, дэслэгч нь дэмий амгалан…Эцэст нь харин эгдүүцэн, зэвүүцэх нь юуны учир вэ. Би арай тэнэг хүн шиг айгаад байгаа юм биш байгаа даа. Уг нь дэслэгч эгч “Айлтгүй ” л гэж хэлсэн юм даа.
"Улс төрийн тойм" сонин