Г.Мандахнаран дэвжээнд гарсангүй

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран дэвжээнд гарсангүй

Чөлөөт бөхийн уламжлалт “Mongolia Open” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. VII удаагийн уламжлалт тэмцээнд ОХУ, Канад, Венесуэль, БНХАУ, БНСУ, Казахстан, Монгол гэсэн долоон орны 182 тамирчин өрсөлдсөн юм. Энэ жилийн тэмцээнд олон сонирхолтой барилдаан болсон. Тэр дундаа эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 11 бөх барилдсанаас ОХУ-ын Е.Жербаев алт, Б.Сүхбат мөнгөн медаль хүртсэн бол Н.Амарсайхан, ОХУ-ын Алексей Иванов нар хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд зогссон. Тэгвэл энэ жингийн хүчтэй өрсөлдөгчийн нэг дэлхийн аваргын хошой хүрэл, Азийн наадмын аварга, “Рио 2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн Гавьяат тамирчин Г.Мандахнаран медальгүй хоцорлоо. Тэрбээр хагас шигшээд Евгений Жербаевт оноогоор цэвэр ялагдсан. Гэвч гавьяат маань хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчтэйгээ барилдахаар дэвжээнд гарсангүй. Энэ талаар тэрбээр тайлбар хийхийг хүсээгүй бөгөөд холбооны зүгээс ч тайлбар өгөхөөс татгалзав. Харин Г.Мандахнарангийн барилдааны талаар чөлөөт бөх сонирхогчид өөрсдийн дүгнэлтээ сошиал хуудсаараа хэллээ. Тэд “Г.Мандахнаран хагас шигшээд илт давуу барилдсан ч шүүгч буруу шүүж, оноог нь өгөөгүй. Оноог нь өгөөгүй тул тэр барилдалгүй бууж өгсөн. Тиймээс дараагийн барилдаанд дэвжээнд гарч ирээгүй” гэсэн бол нэг хэсэг нь “Багш нар нь Мандахааг нөөж байгаа байх” гэсэн саналаа ч хэлжээ.

Энэ сард Энэтхэгт болох Азийн аваргын тэмцээнийг өнжихөөр болсон Г.Мандахнаран “Mongolia Open 2017” тэмцээнээс медальгүй хоцорлоо. Тэрбээр тус тэмцээнд 2011-2016 оны хооронд оролцохдоо аваргын алтан медалиа алдаагүй билээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж