Гэнэтийн шалгалт эмч нарыг сандаргав

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

Гэнэтийн шалгалт эмч нарыг сандаргав

-Оройн цагаар ирж үйлчлүүлж байгаа иргэд маш цөөн, бүгд өглөө ирж дугаарладаг гэдгийг эмч нар хэлж байна-

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгийн ахалсан баг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ өнөөдөр /2017.05.01/ гэнэтийн шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмнэлгийн үйлчилгээ болон нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж санал бодлоо солилцов.

Өглөөний 08.30 цагт ЭХЭМҮТ нь ачаалал ихтэй, хүүхэд болон ээж нар кабинетуудын үүдэнд дугаарласан байдалтай байлаа. 09.00 цаг гэхэд Хэт авиа оношилгооны их эмч ажилдаа ирээгүйн улмаас өглөөний 08.30 цагт дугаар авсан иргэд хүлээлтийн байдалтай сууж байв. Яамны ажилчдын зүгээс хэрэв эмч ямар нэг шалтгаанаар ажилдаа ирээгүй, аль эсвэл хоцорсон тохиолдолд дугаар авсан өвчтөнүүдийг өөр кабинет руу шилжүүлж түргэн шуурхай үйлчлэхийг үүрэг болгов. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Ажлын хариуцлага алдсан энэ мэтчилэн тохиолдол гарвал Хөдөлмөрийн хуулийн дагуу зохих арга хэмжээг авдаг” гэлээ. Шалгалтын баг цааш Хүүхдийн зөвлөх поликлиникийн үйлчилгээтэй танилцаж иргэдийн санал гомдлыг сонслоо.

Баянзүрх дүүргийн иргэн Б.Бямбадорж “Бид нар нярай хүүхдээ тэвэрчихсэн дугаарлаад зогсоод байдаг. Агааржуулалт муутайн улмаас хүүхдүүд маань халууцаж уйлах гэх мэтчилэн бэрхшээл байна” гэв. Үнэхээр тус эмнэлэг рүү ороход бүгчим байсан учир яамны ажилчдын зүгээс агааржуулагчаа асаахыг шаардаж байсан юм. Харин үүсээд буй асуудлын талаар ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Хүүхдийн зөвлөх поликлиникээр жилдээ 120 мянга орчим хүүхэд үйлчлүүлдэг. Үйлчлүүлж байгаа хүүхдүүд маань ээж, аавтайгаа ирнэ. Яг үнэндээ зай талбайн хувьд давчуу, орон байрны хүртээмж багатай байдаг. Манай эмнэлгийн хувьд газар бол байгаа, хүүхдийн зөвлөх поликлиникийн өргөтгөл барьж өгвөл бусад асуудлыг нь бид зохицуулах бүрэн боломжтой” гэсэн хариулт өгөв.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникт өргөтгөл барьж өгөх боломжтой юу гэсэн асуултад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Өргөтгөлийн асуудал зайлшгүй чухал. Хэрэв бид өргөтгөлөө барьчих юм бол хүлээгдэл, чирэгдэл, зай талбай, агааржуулалт гэсэн асуудлууд байхгүй болно гэсэн үг. Өртгөтгөл барих талбай бол байна. Эхлээд зураг төслөө хийнэ, үүнийхээ дараа хэдэн төгрөг төсөвлөх шаардлагатайг тооцоолж гаргана. Энэ талаарх саналаа тавьж өгнө” гэлээ.

Мөн өглөөний цагаар тус эмнэлгийн ачаалал өндөр байдаг талаар ажилчид хэлж байлаа. Улсын чанартай томоохон эмнэлгүүдийн үзлэг оношилгооны тасгууд оройны 20.00 цаг хүртэл ажиллаж байгааг үйлчлүүлэхээр ирсэн иргэд огт мэдэхгүй, сонсоогүй гэдгээ хэлж байсан юм.

ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Үдээс хойш үзлэг хийж байгаа талаарх мэдээлэл иргэдийн дунд муу байх шиг байна. Манай эмнэлэгт 4 кабинет оройн цагаар ажиллаж байгаа. Оройн цагаар ирж үйлчлүүлж байгаа иргэд маш цөөн, бүгд өглөө ирж дугаарладаг” гэв.

ЭХЭМҮТ-д үдээс хойш буюу оройн 20.00 цаг хүртэл Хараа хамгаалах, чих хамар хоолой, мэдрэл, нярай, дүрс оношилгооны кабинетүүд үйлчилгээ үзүүлж байна.

Шалгалтын явцад өөр зөрчил илэрсэнгүй. Эмнэлэгт эрт очиж дугаарлах ёстой гэсэн хуучин бодлоосоо үйлчлүүлэгчид салаагүй байна. Үүнээс болж өглөөний цагаар ачаалал хэт ихсэж байгаа нь эмч нар болон үйлчлүүлэгдэд аль аль талдаа хүндрэл учруулдаг.

Иймээс та цагаа зөв тохируулан боломжтой бол оройн цагаар үзлэг оношилгоонд орвол хүлээгдэлгүй, шуурхай үйлчилгээ авах боломжтой.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж