Ногоон нам мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Ногоон нам мэдэгдэл гаргалаа

Монголын Ногоон Нам  Монгол Улсад гадаад улс орнуудын цөмийн хог хаягдал булшлах талаар гэрээ хэлцэл хийх гэж буй талаар гадаадын хэвлэлүүдэд мэдээлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  мэдэгдэл хүргүүлээд байна. Мэдэгдэлд “Гадаадын нэр хүнд бүхий сонин хэвлэл, вэб сайтуудад (тухайлбал, Global Security Newswire, The Mainichi Daily News, Kyodo News, CNN, BBC, Ройтерс, Известия) Монгол улсад гадаад улс орнуудын цөмийн хог хаягдлыг булшлах талаар гэрээ хэлэлцлийг Монголын албаны хүмүүс гадны зохих төвшний хүмүүстэй албан бусаар хийж байна гэсэн түгшүүрт мэдээ цацагдаж, Монголын ард түмнийг айдас түгшүүрт автуулаад удаж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Японы Майничи сонин 7 дугаар сарын 19-ний дугаартаа Япон, АНУ болон Монголын гэрээ батлагдах шатандаа орсон тухай мэдээлжээ. Уг мэдээнд”Монгол улс бол цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн” гээд ураны түлшээ бусад орнуудад экспортлоод тэндээс гарах хаягдлыг нь буцаан авч нутагтаа булшилдаг манай гаригийн анхны тогтолцоог Монголд байгуулна гэжээ.

Өнөөдөр Монголын улс төр, бизнесийн тодорхой бүлэг хүмүүс цөмийн энергийг Монголд нэвтрүүлэхийг шамдаж уран олборлоно, атомын цахилгаан станц барина хэмээн хөөрцөглөж атомын хог хаягдал бол манай цахилгаан станцын үнс, гэрийн хорооллын жорлонгоос гарч байгаа хийнээс ч хоргүй хэмээн ард түмний толгойг эргүүлж байна.

Монгол Улс бол НҮБ-ын “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай” олон улсын гэрээнд нэгдсэн орон. Гэтэл 2009 оноос хойш манай улс уран олборлох, атомын эрчим хүч ашиглах асуудлаар идэвхитэй хөөцөлдөж цөмийн зэвсэгтэй Франц, Энэтхэг, ОХУ зэрэг орнуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах гэрээ хэлэлцээр, санамж бичгүүдэд гарын үсэг зураад байгаа билээ. Хэдийгээр ураныг энхийн зорилгоор ашиглана гэсэн гэрээ хэлэлцээр хийж байгаа гэх боловч эдгээр улс орнууд манайхаас авсан ураныг атомын цахилгаан станцын түлш хийж байна уу, цөмийн зэвсгийн түүхий эдээр ашиглаж байна уу гэдгийг хянах боломжгүй юм. Хэрэв Монгол улс эдгээр цөмийн зэвсэгтэй орнуудад уран нийлүүлэх юм бол “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай”олон улсын гэрээний “…цөмийн зэвсэггүй улс орон цөмийн зэвсэгтэй орнуудад энэ төрлийн зэвсэг хийхэд оролцдог түүхий эд нийлүүлэхгүй байх” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн явдал болох юм.

Монгол Улсад үнэхээр гадны атомын цахилгаан станцын хог хаягдлыг булшлах байгууламж барих гэрээ хэлэлцээр хийгдэж энэ ажил эхлэх юм бол ирээдүйд Монгол нутагт амьдрал төгсч дэлхий нийтийн хаалттай бүс болон хувирах ба Монгол улс байсан гэх энэхүү газар нутгийн дээгүүр онгоц ч нисч өнгөрөхгүй тийм “сөнөсөн цэг” болж үлдэнэ. Террорист халдлага, байгалийн давагдашгүй гамшиг болохгүй гэсэн баталгаагүй. (Энд би “амьдрал” гэдэг үгийг “Хүний оршин байх эрх нь байгаль дэлхийн оршин байх эрхээр хязгаарлагдана” гэсэн философиор хэрэглэлээ. Үүнд хүн, амьтан, ургамал, хөрс шороо, гол мөрөн цөм багтаж байна.)

Гадаадын сонин хэвлэлүүд болоод манай хэвлэл мэдээлэлд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг Арабын Нэгдсэн Эмират улсад албан ёсны айчлал хийхдээ Арабад уранаа экспортлоод хэрэглэсэн түлшний хаягдлыг нь эргүүлж авах нөхцөлтэй гэрээ хийсэн. Мөн ерөнхийлөгч Таныг Япон ОХУ болон АНУ-тай энэ чиглэлд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж бичих юм.

Хоѐр аравны долоохон сая монголчууд бид хэдийгээр ядуу зүдүү, хөгжлөөр дорой буурай ч гэсэн өөрийн эх орондоо айх аюулгүй сэтгэл амар, үр хүүхдээ өсгөн, аж ахуйгаа эрхлэн бусдын адил амьдармаар байна. Ийм эрхийг Монгол улс үндсэн хуулиараа ард түмэндээ олгосон байдаг.

Монголын Ногоон нам, Монголын ногоонтнууд гадны цөмийн хог хаягдлыг монголын нутаг дэвсгэр дээр авчирч булахын эсрэг тууштай зогсож байгаа гэдгээ Эрхэм ерөнхийлөгч Танд дуулгахын зэрэгцээ Таныг Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд энэ асуудал дээр албан ѐсны хариултыг ард түмэндээ нэн даруй өгөхийг хүсэж энэхүү албан захидлаа хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэж байна. Таныг албан ѐсны хариугаа хэвлэл мэдээллээр болон албан тоотоор ирүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж