-Тэтгэврээ тогтоолгохоор хандах албан хаагчдын тоо гэнэт өсчээ. Үүнд төрийн албан хаагчдыг тэтгэвэрт суухад олгох нөхөн олговрын 36 сарыг багасгах санал ихээр нөлөөлсөн байна-
Сангийн яам энэ онд нийт 4709 төрийн албан хаагч тэтгэвэртээ гарах тооцоог хийжээ. Тэдэнд төрд 20-25 жил тасралтгүй ажилласных нь шагнал болгож, 87 тэрбум 116.3 сая төгрөгийг хуваан олгохоор төсвийн тодотголд тусгасан байх юм.
Тэтгэврээ тогтоолгохоор өргөдлөө бичсэн иргэний 2000 орчим буюу хамгийн их нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын салбараас хандсан байна. Өөрөөр хэлбэл олонх нь багш нар. Эдгээр хүмүүст нэг удаагийн тэтгэмж болгож 27 тэрбум 268.1 сая төгрөгийг хуваан олгохоор салбарын сайдынх багцад хуваарилжээ. Харин эрүүл мэндийн салбараас тэтгэвэртээ гарах 727 хүнд 16 тэрбум 963.3 сая төгрөгийг, хууль зүй, батлан хамгаалахын салбараас тэтгэврээ тогтоолгох 1100 орчим иргэнд 25 тэрбум 214.1 сая төгрөгийг хуваан олгох тооцоог Сангийн яамнаас гаргажээ. Өнгөрсөн онд ч цэргийн алба, боловсролын салбарт ажилладаг иргэд тэтгэвэртээ гарах өргөдлөө хамгийн ихээр өгснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өмнө тодотгож байсан юм. Албаныхны тайлбараар тэтгэврээ тогтоолгохоор хандах албан хаагчдын тоо ингэж гэнэт өссөн нь өнгөрсөн намар Засгийн газраас гаргасан улсын төсвийн алдагдлыг нөхөх нэг боломж нь төрийн албан хаагчдыг тэтгэвэрт суухад олгох нөхөн олговрыг тооцох сарыг багасгах санал ихээр нөлөөлсөн гэв.
Холбогдох хуулийнх нь дагуу төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг 12, 24, 36 сарынх нь цалинг хувьчлан дунджаар бодож олгодог юм. Ингэснээр өнөөдөр авч буй цалингийнхаа хэмжээнээс хамаарч төрийн албаныхан харилцан адилгүй тэтгэмж авч байна. Мөн нэг жилд тэтгэвэрт гарах иргэдийн тоо, хийж буй ажил, албан тушаалаасаа хамаараад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, бусад сайдуудын багцад хуваарилагдах мөнгөн дүн ч өөр өөр байлаа.
Д.УЛАМБАЯР