ХАА-н брокерууд луйварчид уу?

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

ХАА-н брокерууд луйварчид уу?

-ХАА-н брокер нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг шалгаж өгөхийг хүслээ-

Хөдөө аж ахуйн бирж нь төрийн нэр барьж ноос, ноолуур экспортлогч аж ахуйн нэгжүүдээс шимтгэл нэрээр луйвар хийж байгаа талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Үндэсний холбооноос өнөөдөр/2017.05.01/ “Зууны мэдээ” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тус холбооноос Хөдөө аж, ахуйн гаралтай бараа түүний эдийн бирж, Хөдөө аж, ахуйн брокеруудын хууль бус ажиллагааны тухай мэдэгдлийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байгаагаа дуулгалаа. Энэхүү мэдэгдлийн хариуг ажлын тав хоногт багтаан ирүүлэхийг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо хүсч байгаа аж.

 Мэдэгдэлд дараах зүйлийг дурджээ.

  • Ноос, ноолуур экспортлогчид болон ХАА-н брокерийн компаниуд, ХАА-н бараа түүхий эдийн биржийн хооронд “Биржээр арилжаалсан бараа түүний эдийн тодорхойлолт” олгоход төлж буй шимтгэл хураамжийн хэмжээ, хууль бус мөнгөн гүйлгээнүүд хийлгүүлдэг тухай ноцтой маргаан гарсаар байхад Санхүүгийн зохицуулах хороо үүнийг таслан зогсоох үр нөлөөтэй арга хэмжээ авалгүй ирсэн талаарх гомдол нийгэмлэгт ирсэн юм. Үүнд: Ноолуур боловсруулах үйлдвэрүүд Итали, Хятад, Англи, Солонгос, Япон зэрэг орнуудад экспортод гаргахдаа “Биржээр арилжаалагдсан бараа түүхий эдийн тодорхойлолт”-ыг авдаг. Энэхүү тодорхойлолтыг авахад өндөр шимтгэл төлж байгааг анхаарах хэрэгтэй болсон.

  • Экспортлогчид 2016 онд 1 кг ноолуурыг 65-70 мянган төгрөгийн ханшаар худалдаанд гаргахад дунджаар 1 кг ноолуураас 280-315 төгрөгийг авдаг. Түүхийгээр 33.0 тонн угааснаар 25.0 тонн ноолууранд тодорхойлолт авахад нэг контейнерт 10.0-20.0 сая төгрөг төлж, нийтдээ 5400 тонн угаасан, боловсруулаагүй 7700 тонн ноолуурт ойролцоогоор 2.3 тэрбум төгрөгийн шимтгэлийг бирж, брокеруудад төлсөн байна. Уг шимтгэлийг түүхий ноолуурын үнийн дүнгийн 0,6 хувиар тооцож, 0,08 хувийг Санхүүгийн зохицуулах хороонд, 0,32 хувийг Хөдөө аж ахуйн бирж, 0,05 хувийг брокерийн пүүст өгдөг бол үлдсэн хувийг нь Хонгконгт дахь хөрөнгө оруулагч нь авдаг.

  • 2017 онд түүхий ноолуурын бэлтгэлийн үнэ 1 кг ноолуур 95-102 мянган төгрөг болтол өссөн боловч, одоо ноолуурын үнэ 65 мянган төгрөг байна. Гэтэл ХАА-н бирж ХХК нь тодорхойлолт өгөхдөө 1 кг ноолуурын үнийг 85600 төгрөгөөр тооцож, шимтгэлээ 20 тоннын нэг контейнерт 14 сая төгрөг авч байна. Бирж өөрсдийн агуулах савгүй, үйлдвэрийн агуулахад итгэмжлэл олгодог атлаа эргээд үйлдвэрүүдээс итгэмжлэгдсэн агуулахын үйлчилгээний хөлс авч байгаа нь зохисгүй үйлдэл юм.

  • Улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед экспортлогч компаниудаас ямар ч зардал гаргадаггүй хэрнээ шимтгэлийн орлогоосоо улсын төсөвт огт татвар төлдөггүй, зардлаа хуурамчаар өсгөж, байнга алдагдалтай тайлан гаргаж ирсэн.

  • Төрийн өмчийн хорооны 2015 оны 611 тоот тогтоолоор тус биржийн нийт энгийн хувьцааг таван зуун сая ширхэг байхаар тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 330 тоот тогтоолоор биржийн хувьцааны эзэмшлийг өөрчлөн 34 хувийг Монгол улсын төр эзэмшихээр өөрчлөн, 66 хувийг Хонгконгийн хөрөнгө оруулагчид худалдсан байна. Өөрөө хэлбэл, Монгол улсын төсөвт нэг ч төгрөгийн татвар төлөлгүйгээр гадаадын хувийн хуулийн этгээдийн эрх баригчид гол орлогыг авч Монголын шударга бизнес эрхлэгчид болон малчдын эрх ашгийг хохироож байгааг таслан зорилгоор ХАА-н гаралтай бараа түүхий эдийн бирж, ХАА-н брокеруудын хууль бус ажиллагаа нь ямар их хохирол, сөрөг нөлөө дагуулж байгааг хүргэж байна.

  • Зах зээлийн шударга зарчмаар ажиллах ёстой атал нэг хэсэг бүлэг хүмүүс төрийн нэрээр шударга бусаар ашиг хонжоо олж байгааг таслан зогсоох, Санхүүгийн зохицуулах хороо нь зөвхөн шимтгэлээ авах эрхээ хэрэгжүүлэн ХАА-н бараа түүний эдийн Бирж ХХК-д болон брокерийн компаниудад төрийн зүгээс тавих хяналт хэрэгжүүлэхгүй байгааг шалгаж, дээрх хууль бусаар явагдаж байгаа ажиллагаануудыг таслан зогсоохыг хүсэж байна.

  • ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн тухай хуулийн 4,6 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 60,3,5 дахь заалтыг хүчингүй болгохыг эрх ашиг нь зөрчигдөж байгаа Монголын мянга мянган малчид, бизнес эрхлэгчдийг төлөөлөн шаардаж байгаагаа Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооноос мэдэгдлээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж