Г.Коган: Оросын эдийн засгийн өсөлт тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Г.Коган: Оросын эдийн засгийн өсөлт тогтвортой байна

Оросын эдийн засагч Грегорий
Коганы Дэлхийн банкны мэдээллийн сайтад өгсөн ярилцлагыг хүргэе. Дэлхийн
банкнаас ОХУ-ын эдийн засгийн тайлан гарсны дараахан тэрбээр ярилцлага
өгчээ.


-Дэлхийн эдийн засгийн нөхцөл
байдал хямралын дараах үедээ орлоо гэж шинжээчид дүгнэж байгаа. Тэгэхээр
дор хаяж ойрын 2-3 жилд санхүүгийн хямрал болохгүй гэсэн үг үү?

-Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа. Гэхдээ эрсдэлтэй нүүр тулсан хэвээр
байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Өнөөдөр АНУ, Европын орнуудын эдийн
засаг тун хүнд байдалтай байгаа. Евро бүсийн орнуудын өрийн хямрал
эхлээд жижиг улсуудын асуудал байсан бол сүүлдээ Итали гэх мэт эдийн
засгийн хувьд томоохонд тооцогдох орнуудад ч нөлөөлж эхэлсэн. Хамгийн
гол нь бүс нутгийн нэгдсэн валют болох еврогийн ханшийг тогтворгүйжүүлж
байгаа нь шинэ хямралын давалгаа бий болох аюул арилаагүй гэдгийг нотолж
байна. Түүнчлэн АНУ-ын Засгийн газрын өр таазандаа тулчихаад энэ улс
орон зээлээ эргэн төлөх чадваргүй болоход ойрхон боллоо. Энэ бол зөвхөн
америкчуудын асуудал биш. Дэлхий нийтийг хамарсан зүйл юм. Ерөнхийд нь
дүгнээд хэлэхэд дэлхийн эдийн засаг дөнгөж сэргэж эхэлж байгаа. Гэхдээ
энэ сэргэлтийг үгүй хийх шиг хялбархан зүйл байхгүй болчихоод байна.

-Харин ОХУ-ын хувьд гэвэл тийм ч ноцтой асуудал байхгүй байгаа.
Одоогийн байдлаар эдийн засгийн өсөлтөө хадгалж, тогтвортой байлгах нь
чухал гэж шинжээчид үзэж байна. Гэтэл Орост амьдрахад өдөр ирэх бүр улам
хэцүү болж байна гэж гомдоллох хүмүүс олширлоо. Энэ юутай холбоотой вэ?

-Оросын эдийн засгийн тайлан саяхан гарсан. Энд ОХУ-ын эдийн засагт
богино хугацаанд ямар өөрчлөлт гарах тухай онцолж авч үзсэн. Түүнээс
гадна дунд хугацаанд эдийн засгийн ямар бодлого баримтлах, ядуурлыг
бууруулахын тулд юу  хийх ёстой вэ гэх мэт олон асуудлыг гаргаж тавьсан.
ОХУ-д ядуурлын түвшин 2010 оныхоос огт өөрчлөгдөөгүй. Санхүүгийн
хямралын жилүүдэд ОХУ-ын эрх баригчид эдийн засгаа дэмжих зорилгоор
мөнгөний бодлогоо тэлсэн боловч энэ нь тодорхой нөлөө үзүүлж чадаагүй.
Өнөөдөр 18 сая орос хүн ядуу гэх тодорхойлолтод багтсан хэвээр байна.
Харин дундаж орлоготой хүмүүсийн олонх нь ядуурлын шугам руу орох
магадлал өндөр байгаа. Үүнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний
үнийн өсөлт хурдацтай байгаа гэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.
Хэрэв Оросын эдийн засаг хямарвал маш олон хүн ядуу болно. Тэгэхээр
Оросын эрх баригчид ядуу бүс нутгуудад ажлын байр шинээр нэмэгдүүлэх
зэрэг үр бүтээмжтэй ажил  хийх нь чухал байгаа юм.

-Европт Грекийн асуудал хурцдаад байгаа. Грекийн гадаад өрийн хямрал ОХУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Мэдээж хэрэг, Грек болон Оросын эдийн засагт шууд хамаарал байхгүй.
Одоогийн байдлаар Оросын макро эдийн засгийн байдал харьцангуй
тогтвортой байгаа. Өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүн дөрвөн хувиар
өссөн бол энэ онд 4.4 хувиар нэмэгдэнэ гэх таамаг бий. Өнгөрсөн
тавдугаар сарын сүүлчээр ажилгүйдэл буурч, 6.4 хувьд хүрсэн. Инфляци
хэдийгээр өндөр байгаа боловч ганц оронтой тооноос хэтрээгүй. Мөн
удахгүй буурсаар 7-8 хувьд хүрэх нь тодорхой болсон. Оросын Засгийн
газрын хилийн чанад дахь өр дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувьтай
тэнцсэн. Энэ нь дэлхийн бусад оронтой харьцуулахад маш бага үзүүлэлт юм.
ОХУ-ын Засгийн газар мөнгөний бодлогоо тэлсэн. Түүнд зориулж зарцуулсан
хөрөнгийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай л тэнцэж
байгаа. Энэ бол олон улсын зах зээл дээр газрын тосны эрэлт ихэсч, үнэ
нь нэмэгдсэний ач, гавьяа юм шүү. Тэгэхээр Оросын эдийн засаг Грекээс
нэг их хамаарахгүй гэсэн үг.

-ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев улс орныхоо эдийн засгийг
шинэчилж, гадны хөрөнгө оруулагчдыг татахыг зорьж байгаа. Энэ боломжтой
зүйл үү?

-Оросын эдийн засгийг шинэлчэх энэ үйл явцыг би хувьдаа дэмжиж байгаа.
Бүтцийн хувьд өөрчилж байж Д.Медведевийн бодлого үр дүнгээ өгч чадна.

-Хойд Африк, Ойрхи Дорнодод болж буй улс төрийн тогтворгүй байдал Оросын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Ойрхи Дорнод, хойд Африкийн орнууд дэлхийн эдийн засагт тодорхой
хэмжээнд нөлөөлдөг боловч газрын тосны зах зээлийн томоохон тоглогчид.
Энэ утгаараа тэнд үймээн гарахад энд Оросын газрын тосыг сонирхох
хүмүүсийн тоо нэмэгдэж эхэлж байгаа юм. Энэ утгаараа Оросын эдийн засагт
эерэг нөлөө үзүүлсэн ч гэж хэлж болно. Ойрхи Дорнодын үймээнээс болж
газрын тосны үнэ өссөн. Оросын экспортын ашиг нэмэгдсэн. Төсвийн орлого
ихэссэн. Ийм л байна.
 
-Даяаршлын үйл явц Орост ашигтай юу?

-ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэн орох гэж байгаа.
Үүнээс болж Оросын бизнесийн орчны тогтвортой байдалд эргэлздэг
хүмүүсийн тоо цөөрөх нь дамжиггүй. Өнөөдрийн байдлаар Хятад, Энэтхэг,
Бразиль зэрэг томоохон зах зээл бүхий орнуудын нэгэн адил Оросын эдийн
засгийн өсөлт тогтвортой болж эхэллээ. Энэ бол даяаршлын нэг хэлбэр гэж
бодож байна.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж