АТГ: Оффшорт нуусныг нотлох боломжгүй

Хуучирсан мэдээ: 2017.04.30-нд нийтлэгдсэн

АТГ: Оффшорт нуусныг нотлох боломжгүй

УИХ өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тавьсан оффшортой холбоотой асуудлаарх асуулгын хариуг сонссон билээ.

Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал оффшор бүсэд Монголын улстөрчид болон бизнесмэнүүд 17 тэрбум ам.доллар нуусан гэх мэдээллийг нотлох боломжгүй болохыг мэдэгдсэн юм.

Тэрбээр “17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байна" гэсэн мэдээлэл цацагдан, иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж, Авлигатай тэмцэх газарт гомдол, саналаа илэрхийлсэн. Үүний мөрөөр Авлигатай тэмцэх газар өөрсдийн хүч, нөөц бололцоонд суурилж эрэн сурвалжилсан. Энэ мэдээлэл үнэн, худал эсэх нь батлагддаггүй.

Оффшор бүс гэж татвар маш бөгөөд огт татваргүй, нууцлал маш өндөр, төрийн хүнд сурталгүй, үйлчилгээ шуурхай гэсэн шаардлагыг хангасан бүсийг хэлдэг. Тиймээс энэ бүсээс мэдээлэл авах ямар ч боломжгүй.

Харин “Panama Papers”-ийнхэн 11,7 сая мэдээллийг хакердаж, олон нийтэд илчилсэн. Энэ илчлэгдсэн мэдээлэл дунд Монгол Улсаас давхардсан тоогоор 49 хүний нэр байгаа юм. Гэвч 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа эсэх нь нотлогддоггүй, энэ мэдээлэл үнэн, худал гэдгийг батлах боломж байхгүй гэж хэлж болно. Авлигатай тэмцэх газар нь 20 гаруй улстай эрх зүйн туслалцаа авахаар хамтран ажилладаг. Гэхдээ нэг улсад хандан бичиг илгээснийхээ дараа ойр, ойрхон сануулахгүй бол хариу ирэхгүй зургаан сар, нэг жил хүртэл хариу ирдэггүй. “Хөөцөлдье”, “эргээд хариу хэлье” гэдгээс цааш хэтэрдэггүй.

Авлигатай тэмцэх газарт гадаад харилцааны төсөв байдаггүй. Олон улсын хурал, чуулганд оролцооч, зардлыг нь даая гэсэн тохиолдолд оролцохоос өөрөөр хэтэрдэггүй.

Хэрэв оффшор бүсэд данс эзэмших, хуулийн этгээд байгуулахыг хориглоё гэж байгаа бол Авлигатай тэмцэх газрын гадаад харилцааг өргөжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй болов уу” гэсэн юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж