Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь өдрийн арга хэмжээ үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвээр мэдээлэл хийлээ.
Тэрбээр ”Төрийн сахилга хариуцлагыг сайжруулж, нэр хүндийг дээшлүүлэх асуудал бүх шатанд олон жил яригдаж, тодорхой шийдэл, арга, хэмжээ авдаг хэдий ч үр дүн туйлын хангалтгүй байна. Төрийн өндөр албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн авлигаас ангид байж, тэдгээрийн манлайлах үүргийг бий болгох нь чухлаар тавигдаж байна Хуулийн засаглал, хууль дээдлэх ёс төлөвшиж тогтсон улсуудад иргэний болон нийтийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд нь үр дүнтэй ажилладаг бол харин харьцангуй сул хуулийн засаглалтай улсуудад Үндсэн хуулийн байгууллага байгуулах замаар шийдвэрлэх санаачилга гарч байна гэж судлаачид үзжээ.
Парламентын бүтцэд хянан шалгах хороо байгуулснаар Авлигатай тэмцэх газар, бусад хуулийн байгууллагын эрх хэмжээ хүрэхгүй байгаа авлигын болон нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн ноцтой асуудлаар парламент мөрдөн шалгалт хийж бодит байдлыг тогтоох, ингэснээр шүүх эрх мэдлийн байгууллагад тухайн асуудлаар гарц нээж өгнө гэж нэг хэсэг нь үздэг бол зарим судлаачид одоо байгаа бүтцийн байгууллагуудын эрх хэмжээг нэмэгдүүлвэл уг асуудлыг шийдэх боломжтой, “Хянан шалгах түр хороо”-ны дүгнэлт нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй тул парламентын мөрдөн шалгах явцад тогтоогдсон байдал бодит үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй гэж шүүмжилдэг.
Үндсэн хуулийн бус арга хэрэгслээр засгийн эрх мэдэл хооронд харилцан нөлөөлөх боломжийг хязгаарлана гэж үздэг бол зарим хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхэд үйлчилдэг байгууллага гэдэг статусыг маш тодорхой хуульчлах, шүүгчид, шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхгүй байх нөхцөлийг нь сайтар хангахгүй бол мөн л шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлдэг” гэв.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн , чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн албан хаагчдын тоо 2001 оноос хойш аажмаар өссөөр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 162 769 төрийн албан хаагч, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 186 458 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 3 092 нь улс төрийн, 19 687 нь төрийн захиргааны, 35 736 нь төрийн тусгай албаны, 127 943 нь төрийн үйлчилгээний албанд ажиллаж байна. Дээрх статистик мэдээллээс харахад 4 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын нийт тоо 23 689-аар нэмэгдсэн байна. Төрийн албыг тогтвортой, улс төрөөс хараат бус болгохын тулд 2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж улс төрчдөөс бусад бүх төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон. Гэвч, төрийн албан тушаалд томилох, халахдаа улс төрийн намын харьяаллыг харгалзан шийдвэрлэсэн асуудалтай холбоотой гомдол захиргааны хэргийн шүүхэд ихээр ирдэг. Түүнчлэн албаны тоон үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа халаа сэлгээ хийх нь их байна. Энэ нь төрийн алба улс төрөөт хараат байсаар байгааг харуулж байна.
Төрийн алба тогтвортой байх нь төрийн албан хаагч мэргэшсэн байхтай салшгүй холбоотой. Төрийн албан хаагч мэргэшсэн байх гэдэгт түүнийг төрийн ажилд дадлагажуулах, туршлага суусны хэрээр түүнийг илүү хариуцлагатай ажилд шат ахиулан ажиллуулахыг ойлгоно. Үүнийг хангах үндсэн арга нь албан тушаал бүрийн зорилго, чиглэл, түүнд ажиллах хүнд тавигдах шалгуур маш тодорхой байх учиртай.
Гэтэл манайд үйлчилж байгаа хууль тогтоомж хэт ерөнхий байгаагаас байгууллагууд албан тушаалд тавих мэдлэг чадварын шаардлагыг ерөнхий байдлаар, нийтлэг үзүүлэлтээр тогтоодог. Сул орон тоо гарсан тохиолдол бүрт ажил олгогч өөрийн сонирхож байгаа хүндээ тохируулан ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчлөх, яг ижил албан тушаалуудад өөр өөр шаардлага тавьж төрийн албаны шалгалт зарлах нь элбэг байна. Мөн төрийн албан хаагчдыг хуульд заасан үндэслэлээс гадуур халж, чөлөөлөх нь тасардаггүй. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн төрийн албатай холбоотой маргаан 2012 онд 133 байсан бол 2015 онд 400 болж өссөн” гэв.
Дээрх хоёр мэдээллийг сонссоны дараа асуулт, хариултаар хэлэлцүүлэг өрнөж байна.
Т.ДАВААНЯМ