Дэлхий дээрх долоон тэрбум гаруй хүмүүс дунд 781 гаруй сая насанд хүрэгчид бичиг үсэгт тайлагдаагүй, бага сургуулийн насны 650 сая хүүхдийн 250 сая нь бичиг үсгийн боловсрол эзэмших нөхцөл бололцоогоор хангагдаагүй гэдгийг өнгөрсөн 2016 оны есдүгээр сард болсон Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хэлэлцүүлэгт зориулж гаргасан ЮНЕСКО-ийн илтгэлд дурджээ. Бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүсийн асуудал Тиймээс ч 2015 онд батлагдсан “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрт бичиг үсгийн боловсролын асуудал дангаар зорилт болгон оруулжээ. Дэлхийн нийт хүн амын 16 хувь нь бичиг үсэггүй. Үүний гуравны хоёр нь эмэгтэйчүүд гэнэ.
Харин манай улсад бичиг үсэг тайлагдаагүй хэдэн хүн байдаг вэ. Ойрын жилүүдэд гаргасан судалгаа, мэдээлэл алга. Бичиг үсэггүй хүмүүсийн талаарх судалгааг 10 жилд нэг удаа гаргадаг гэх тайлбарыг албаны хүн өгч байна. Тэгэхээр хамгийн сүүлд буюу 2009 онд гаргасан судалгааг баттай эх сурвалж гэж үзэж болох нь. Уг судалгаагаар Монгол Улсад 34 мянган насанд хүрэгч уншиж, бичиж чаддаггүй гэсэн тоо гарчээ. Цагтаа Монгол Улс зуун хувь бичиг үсэгтэй гэдгээрээ гайхуулдаг байлаа. Гуйлгаар амь зогоодог залуу хог дэрээс сонингийн тасархай олоод уншиж суугаа зураг гадаадын хэвлэлд нийтлэгдэж нэг хэсэг л шуугисан юмдаг. Харин одоо эсрэгээрээ дээд мэргэжил, бүрэн дунд боловсрол эзэмшсэнүүд нь хүртэл уншиж, бичихдээ тун тааруухан болжээ. Найман жилийн өмнөх 34 мянган бичиг үсэггүйчүүд өдгөө хэд болж үржсэнийг таашгүй. Мэдээж буураагүй, нэмэгдсэн байх магадлалтай.
Ийн дүгнэхийн учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд төрийн ордонд болсон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үеэр бичиг үсэггүй хүн цөөнгүй байснаас харагдаж байна. Санал асуулгад санаандгүй түүврээр сонгосон 740 иргэн оролцсоноос 75 нь уншиж, бичиж чадахгүй хүмүүс байсан юм. Санаандгүй түүвэр учраас Монголын нийгмийн бүхий л төлөөлөл багтсан гэж үзвэл нийт хүн амын маань 10-аас ч илүү хувь нь бичигт үсэгт тайлагдаагүй болж таарлаа. Эдгээр хүмүүс бүгд насанд хүрэгчид. Дээр нь сургуульд огт суралцаагүй,суралцаж байгаад завсардсан хүүхдүүдийг нэмбэл бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүсийн тоо буурах нь бүү хэл өссөн гээд мөрийцсөн ч алдахгүй.
Саяхан улс даяар шуугиан тарьж, анхаарал татаад амжсан 29 дүгээр тусгай дунд сургууль төгсөгчид бичиг үсэггүйчүүдийн эгнээг улам өргөжүүлж байгаа. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг 25 дугаар тусгай дунд сургуулийн хүүхдүүдэд брайл үсгийн ном хүрэлцдэггүй гэхээр дунд сургуулиа төгсөөд унших ном бүр ч олдохгүй нь гачлантай. Энэ мэтчилэн тоочвол Монголд маань бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс улам бүр олширсоор байна.
Дэлхий нийтээрээ анхаарал тавьж буй бичиг үсэгт тайлагдахын ач холбогдлыг энд нурших нь илүүц биз ээ. Бичиг үсэггүй хүмүүсийн гуравны хоёрыг эзэлж буй эмэгтэйчүүдийг үсэг бичигтэй болгосноор хүүхдийг эндэгдэл буурна гэж НҮБ үзэж байна. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал, хатагтай Ирина Бокова олон улсын бичиг үсгийн өдөрт зориулсан илгээлтээ “Бичиг үсгийн боловсрол нь ядуурлыг бууруулж хүмүүст ажил хөдөлмөр эрхэлж өндөр цалин авах боломжийг бий болгодог. Мөн эмчийн бичиж өгсөн зааврыг уншиж ойлгох, эрүүл мэндээ хамгаалах, эх үрсийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах үр дүнтэй арга зам билээ. Төрөх насны эмэгтэйчүүдийн боловсролыг сайжруулснаар 1990 оноос 2009 оны хооронд 5-аас доошхи насны 2 сая гаруй хүүхдийн амийг аварч чадсан” гэж мэдэгджээ.