Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг Огайо мужийн нэгэн гэр бүлд гэнэт зочилжээ. Энэ гэр бүл сонгуулиар дандаа ардчилагчдын талд санал өгч байгаад саяны сонгуулиар сонголтоо өөрчлөн БНН-ын Дональд Трампын төлөө санал өгсөн ажээ.
Гэрийн эзэн Дэниел Мурын хэлснээр Марк тэднийг зочлох гэж байгаа түүнийг ирэхээс 15 минутын өмнө л мэджээ. Бүгд найрамдах намын шинэ дэмжигчидтэй уулзах хүсэлтэй байгаагаа хэлсэнийх нь дагуу Facebook-ийн хамтран зүтгэгчид нь энэ айлыг олж өгсөн юм байна. Гэрийн эзэн Дэниел Мур өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн төлөө хоёр удаа санал өгсөн ч өнгөрсөн онд Трампыг идэвхтэй дэмжсэн нэгэн аж.
Гэхдээ Мурын гэр бүлийнхэнд Цукерберг ирнэ гэж хэлээгүй, “бүтээсэн зүйлийг нь америкчуудын 90 хувь нь хэрэглэдэг, Калифорнийн баян, буяны үйлстэн нэгэн” хэмээн танилцуулжээ. Оройн зоогийн ширээний ард тэд улс төрөөс гадна буяны үйлсийн талаар нэлээд ярьсан байна. Мурын гэр бүл Уганда дахь нэгэн хүүхдийн асрамжийн газарт хандив өгдөг гэдгээ хэлсэн байна. Цукерберг хандив цуглуулахад нь туслахаа амалжээ.
Оройн зоогийн дараа Facebook хуудсандаа Марк “Огайод дөнгөж ирлээ. Халуун дотно хүлээн авч, сайхан хоолоор дайлсанд Дэн болон Лиза Мур нарт баярлалаа” хэмээн бичсэн бөгөөд гэрийн эзэн Дэниел ч төд удалгүй “Зочилсонд баярлалаа, Марк. Чи бол гайхалтай хүн” хэмээн хариу бичжээ. Оройн хоолны дараа Цукерберг Мурын гэрийнхэнтэй хамт хар тамхины хамааралтай хүмүүсийн эмчилгээний төвд зочилсон байна.
Цукерберг Огайогоос Индиана муж руу явсан байна. Тэнд тэрбээр гал сөнөөгчидтэй уулзахаар төлөвлөжээ. Марк АНУ-ын бүх 50 мужаар явах төлөвлөгөөтэй байгаа юм.
Зарим хүн үүнийг интернэтээс төрсөн тэрбумтан улс төрд орох гэж байна хэмээн үзэж байгаа ажээ.
А.ТУЛГА